Товчхон
               

Орос, Украины хэлэлцээ өнөөдөр хийгдэнэ

               
2022-02-28 0

Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ өнөөдөр эхэлнэ гэж ТАСС агентлагийн эх сурвалж мэдээллээ.

“Энэ бол хойшлуулсан зүйл биш, уулзалт өглөө болно, шалтгаан нь Украины төлөөлөгчдийн ложистик” гэж эх сурвалж хэлэв.

Украины талтай Беларусийн Гомель мужид хэлэлцээ хийх тохиролцоонд хүрсэн гэж Оросын төлөөлөгчдийн тэргүүн, Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ням гарагт мэдэгджээ. ОХУ-ын төлөөлөгчид Минск хотыг аль хэдийнээ орхиж хэлэлцээ хийх газрыг зорьсон байна. Хэлэлцээнд оролцох Орос, Украины төлөөлөгчдийн уулзалт яг хаана болох талаар  ТАСС-ын эх сурвалж мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

ОХУ-ын төлөөлөгчид Украинтай хэлэлцээ хийхээр Беларусь улсад очсон тухай тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ням гарагт мэдэгдсэн юм.

“Хэлэлцэн тохиролцсоны дагуу ОХУ-ын Гадаад хэргийн яам, Батлан ​​хамгаалах яам болон Ерөнхийлөгчийн тамгын газар зэрэг бусад газрын төлөөлөгчдөөс бүрдсэн төлөөлөгчид Украины талтай хэлэлцээ хийхээр Беларусь улсад хүрэлцэн очлоо” гэж тэрбээр мэдээлжээ.

Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Беларусийн нутаг дэвсгэрт Оростой хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдэж байсан боловч өмнө талаараа Украинтай, зүүн талаараа ОХУ-тай хиллэдэг Беларусийн Гомель мужид хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн байна.

Холбоотой мэдээ