
Улс орнууд Украин улсаас иргэдээ татан авах ажлыг хэрхэн үе шаттай зохион байгуулж байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.
Сингапурт төвтэй www.straitstimes.com цахим хуудсанд мэдээлснээр, БНХАУ-ын 6000 гаруй иргэн Украинд гацсанаас дийлэнх нь оюутан байна. Украин дахь Хятадын ЭСЯ-ны мэдэгдсэнээр Киев, Харьков, Львов, Одесса зэрэг хотод амьдардаг аж. Тус улс иргэдээ тусгай нислэгээр авахаар ажиллаж байгаа бөгөөд хугацаа нь тодорхойгүй байгааг мөн ЭСЯ-наас нь мэдэгдсэн бөгөөд иргэддээ аль болох гадагш гарахгүй байх, хүнсээ нөөцлөхийг зөвлөсөн байна. Хэрэв гадагшаа гарахаар бол өөртөө болон машин дээрээ Хятадын далбааг таних тэмдэг хэлбэрээр байршуулахыг зөвлөжээ.
БНХАУ-аас Украин Улсад суугаа Элчин сайд Фан Шяорун энэ сарын 27-нд, “Иргэдийг Украинаас нүүлгэн шилжүүлэхэд маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд Оросын цэргийн үйл ажиллагаа дуусаж, аюултай нөхцөл байдал намжсаны дараа иргэдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсаас Польшид суугаа Элчин сайдын яамны ажилтнууд дахин 16 иргэнээ орон нутгийн цагаар 17.30 цагт Польш-Украины хилийн зурвасаас тосож авсан болохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа дамжуулан өчигдөр мэдэгджээ. Иргэдээ авах ажлын явцын талаар ГХЯ-наас өнөөдөр 15.00 цагт хэвлэлийн хурал хийхээр төлөвлөөд байна.

0 cэтгэгдэлтэй