
Удаан хугацаанд эвсэлд үл нэгдэх бодлогыг хатуу баримталж ирсэн Финланд улсад NATO-д элсэх асуудал яригдаж эхэлжээ. Энэ нь ОХУ-ын зүгээс Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэнтэй холбоотой аж.
Финландын иргэд NATO-д элсэх хөдөлгөөнийг эхлүүлж, 50,000 хүний гарын үсэг цуглуулсан нь тус улсын парламентаар хэлэлцэх нөхцөл болжээ. Өнөөдөр парламент энэ асуудлыг хэлэлцэнэ.
Финландын олон нийтийн телевизийн суваг Yle өөрийн явуулсан санал асуулгад оролцсон иргэдийн 53 хувь нь NATO-д элсэхийг дэмжиж, 28 хувь нь эсэргүүцэж, 19 хувь нь хариулахаас татгалзсан байна. Энэ бол Финландын олон нийтийн үзэл бодолд гарсан түүхэн эргэлт болохыг судлаачид онцолжээ.
Ердөө сар гаруйн өмнө буюу нэгдүгээр сард зохион байгуулсан санал асуулгаар финландчуудын 28 хувь нь NATO-д элсэхийг дэмжиж, 42 хувь нь эсэргүүцэж байсан юм.
“Орос улс NATO-гийн гишүүн бус хөрш улс руугаа халдан довтолсон нь нийгмийн үзэл бодол өөрчлөгдөх гол шалтгаан боллоо” гэж Финландын Олон Улсын Харилцааны Хүрээлэнгийн судлаач Чарли Салониус-Пастернак ярьжээ.
ОХУ-ын гадаад яамнаас гаргасан мэдэгдэлд хэрвээ Финланд улс NATO-д элсвэл “цэрэг, улс төрийн ноцтой үр дагавар амсах болно” хэмээн анхааруулсан нь байдлыг улам хурцатгасан байна. Финланд улс ОХУ-тай 1,340 км урт шугамаар хил залгадаг нь Европын Холбооны гишүүн орнууд дотроос хамгийн уртад тооцогддог.

0 cэтгэгдэлтэй