Эдийн засаг энэ онд 5.1 хувиар өснө гэж төсөөлжээ

               
2022-03-01 0

2021 онд эдийн засаг сэргэх хандлага ажиглагдсан. Гэхдээ цар тахлын үед эдийн засгийн загварчлалд орж буй суурь үзүүлэлтийн хамаарал эвдэрсэн гэж төв банк мэдээлэв.

Жишээлбэл өрхийн хэрэглээг дэмждэг үзүүлэлтүүдийн 80 хувь нь сөрөг хамааралтай болж хувирсан. Энэ нь загварчлал тоооцоо судалгаанд төвөгтэй байдал бий болгож байгаа. Өрхийн хэрэглээг дэмждэг 6 үзүүлэлтийг авч үзэхэд 80-90 хувь эерэг хамааралтай байсан бол хоёр хувьсагч нь эерэг, 4 хувьсагч нь сөрөг хамааралтай болж эвдэрсэн. Иймээс тооцоо судалгаа хийхэд төвөгтэй болсныг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа Монгол улсын эдийн засгийн төлөв, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлыг танилцуулах үеэр тэмдэглэсэн юм. 

Эдийн засгийн өсөлт 2019 онд 5.5 хувар өсөж байсан бол 2020 онд 4.4 хувиар агшиж, 2021 онд 1.4 хувиар өссөн, энэ онд 5.1 хувиар өсөх төлөвтэй гэж хүлээж байгааг төв банк мэдээллээ. 

Хөрөнгө оруулалтын нөхцөл байдал 2020 онд 40 хувь агшсан бол өнгөрсөн онд 74 хувийн өсөлттэй байсан нь эдийн засагт эерэг нөлөөлжээ. Экспортод үзүүлэх нөлөөлөл нь 2 жил дараалан агшсан. Харин импорт агшиж байснаа 2021 онд сэргэх төлөв рүү шилжжээ. Нүүрсний салбар 2019 онд 1.4 хувийн эерэг өсөлттэй байсан ч сүүлийн 2 жил агшсан. Өнгөрсөн онд эдийн засаг 6 хувь өснө гэж төсөөлсөн ч  1.4 хувь болсон нь нүүрсээ тээвэрлэж гол зах зээлдээ хүргэж чадаагүй, хилийн хоригтой холбоотой аж. Нүүрснээс бусад салбар өнгөрсөн онд 14 хувийн өсөлттэй, мөн худалдаа үйлчилгээний салбар харьцангуй эерэг төлөвтэй байлаа.

Инфляц 2021 оны 4-р улиралд 11.4 хувьтай гарсан нь дэлхийн зах зээл дээр нефть, дотоодын шатахууны үнэ, логистикийн сааталтай холбоотой. Өнгөрсөн оны сүүлийн 2 сард сарын инфляц дунджаар 2 хувиар нэмэгдэхэд импортын хэмжээ  ч нөлөөлсөн байна. Тодруулбал, махны үнэ 12 болон нэгдүгээр сард 22-25, шатахууны үнэ 45-48 хувиар нэмэгдэн, цахилгаан, дулааны суурь үнэ өнгөрсөн сард инфляц нэмэгдэх хүчин зүйл болжээ. 

Холбоотой мэдээ