Сайнцагаан сумын ЕБС-ийн дээвэр, спорт заалыг буцалтгүй тусламжаар засварлана

               
2022-03-01 0

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр хэрэгжиж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 112 ам.доллар буюу 321 сая төгрөг бүхий “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болов.

“Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” Монгол Улсад анх 1990 онд эхэлснээс хойш 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 574 төслийг хэрэгжүүлжээ. “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн засварын төсөл” нь Японы 2021 оны санхүүгийн жилд хэрэгжих гурав дахь төсөл юм. 

Уг төслийн хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн дээврийн болон спорт заалны засварын ажил хийгдэнэ. Тус сургуулийн дээвэр, болон спорт заал олон жилийн эдэлгээ зэргээс шалтгаалан муудаж, 1531 сурагч, 109 багш, ажилчдын эрүүл аюулгүй сурч хөдөлмөрлөх нөхцөл шаардлага хангахгүй болжээ.

Энэ удаагийн “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжсэнээр тус сургуулийн сурагчид эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих боломжтой. Мөн энэ удаагийн хэрэгжүүлэх төсөл өнгөрсөн оны гуравдугаар сард Дундговь аймгийг дайрсан хүчтэй салхины улмаас тус сургуульд учирсан хохирлыг арилгахад дэмжлэг болох аж.

Япон Улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон хөдөө орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм.

Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд гадаад улсад суугаа Япон Улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.

Эх сурвалж: Япон Улсын Элчин Сайдын яам

Холбоотой мэдээ