
Украин улсад анагаах ухааны чиглэлээр суралцаж байсан Энэтхэгийн оюутан их бууны цохилтод өртөж, амиа алдсан тухай ойрын эх сурвалжууд нь мэдээллээ.
Навин Гянагудар хэмээх 22 настай оюутан эрэгтэй өчигдөр хүнс худалдаж авахаар хоргодох байрнаасаа гараад амиа алдсан байна. Дайны хөлд нэрвэгдсэн Украинд одоо Энэтхэгийн олон мянган иргэн байгаа бөгөөд засгийн газар нь иргэдээ татаж авахаар ажиллаж байгаа ч ихээхэн бэрхшээлтэй байгаа юм.
Өчигдөр Энэтхэгийн гадаад хэргийн яам Харьков хотод оюутан амиа алдсаныг батлаад ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаагаа мэдээлжээ. Украинд гацсан тус улсын оюутнууд хоол хүнс олж авахад улам хүнд болж байгааг сошиал сүлжээнд мэдээлсээр байна.
Гянагудар шөнийн хөл хорионы цаг дуусмагц өглөө эрт хоргодох байрнаасаа гарч, ойролцоох дэлгүүр рүү явж байгаад их бууны сумны дэлбэрэлтэд өртжээ.
“Тэр өглөөний 8:00 цагт над руу залгаад хоол хүнс авах мөнгө шилжүүлэхийг хүссэн. Мөнгө шилжүүлснээс хойш 5-10 минутын дараа тэр миний дуудлагыг авахаа больсон. Олон удаа залгасны эцэст нэг хүн украин хэлээр хариулсныг би ойлгоогүй” гэж Гянагудартай хамт сурдаг оюутан Ченнаговда мэдээлэл өгсөн байна. Дараа нь тэр хоргодох байранд байсан англи хэлтэй хүнтэй холбогдож юу болсныг мэдсэн аж. Ченнаговда найзынхаа талаар “Тэр гуравдугаар курсээ 95 хувийн үнэлгээтэй төгссөн. Маш их хичээнгүй, даруухан залуу байлаа” хэмээн дурсжээ.

0 cэтгэгдэлтэй