Баянхонгор аймгийн ИТХ-ын хуралдаанд 13 асуудал хэлэлцэнэ

               
2022-03-01 0

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит VIII хуралдааныг нээж Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

-Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойших анхны хуралдаан болж байгаагаараа өнөөдрийн хуралдаан онцлогтой. Оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгаар аймаг,сумын ИТХ зөвлөл, хороодын бүтэц зохион байгуулалтад орж, хурлын хуралдааныг улирал бүр хуралдаж байхаар хуульчилсан. Шинэ хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс олон журмууд шинэчлэгдэн батлагдаж гарлаа. Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах тайлагнах журмыг Засгийн газраас оны өмнө батлан гаргасан.

Энэ журмын хүрээнд та бид өнөөдөр аймгийн хурлын төлөөлөгч нарт сар бүр урамшуулал олгох асуудлыг хэлэлцэн шийднэ. Хуулийн энэ шинэ орчин нь эрхэм төлөөлөгчид та биднээс улам их хариуцлага, ёс зүй, сахилга батыг шаардаж байгаагийн зэрэгцээ нутгийн өөрөө удирдах байгууллагын гүйцэтгэх үүргийг улам бүр өндөржүүлж байна” гэдгийг онцолжээ.

Ээлжит VIII хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагааны тайлангийн тухай

Хурлын хороо болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг батлах тухай

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн урамшууллын зардлыг батлах тухай

Өлзийт сумын Бийрийн уулзвар 5 дугаар багт нөхөн сонгууль зохион байгуулах тухай аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүн батлах тухай

Баяр наадам зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн батлах тухай

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналын тухай

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналын тухай

Ковидын дараах сурлагын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө батлах тухай

Баянхонгор сангийн журам батлах тухай

Жендерийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, жендерийн салбар хорооны үйл ажиллагааны тайлангийн тухай

Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/-ны төлбөр хураах хугацаа тогтоох тухай

Баянхонгор хотыг 2013-2033 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлд өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус тус авч хэлэлцэхээр төлөөлөгчдийн 61,5 хувийн саналаар батлав.

Холбоотой мэдээ