
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна.
Хэлэлцүүлэгт гишүүдээс гадна Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн цагдаагийн газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн эвсэл холбоо” ГҮТББ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1000 орчим барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлдөг нь тун цөөн. Тухайлбал, 2020 оны 02 дугаар сарын байдлаар 294 татвар төлөгчийн 33.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоос 2.5 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны сайтаас үзвэл барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг нэг аж ахуйн нэгж 3-10 орчим өөр төрлийн үйл ажиллагааг давхар эрхлэхээр бүртгүүлсэн байна. Тухайлбал, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанаас гадна амралтын газар, барилга, барилгын материал, газар тариалан, фермер, зуучлал, цайны газар, зочид буудал, дэлгүүр, автомашины худалдаа, сургалт, үсчин, гоо сайхан, спиртийн үйлдвэрлэл зэрэг салбарын үйл ажиллагаа давхар эрхлэх нь түгээмэл байна.

0 cэтгэгдэлтэй