Товчхон
               

“Дарханы зам тэгш байдлын чанараараа 6-15 жил болсон замынхтай ойролцоо байна”

               
2022-03-02 0

Саяхан би Гуртын гүүрний хажууханд байдаг Баатарван амралт, сувилалд амраад ирлээ. Холын замд Гранд Мэд эмнэлгийн “Форд” маркийн микро автобусны арын суудалд явахдаа, явсан замуудынхаа тэгш байдлыг Road Lab Pro апликейшнээр хэмжин цаг нөхцөөж, судалгааны ажлаа баяжуулав. Үүнийгээ мэргэжил нэгт нөхөддөө танилцуулж байна. Ер нь Iphone утсанд суулгасан энэ апликейшн нь авто замын ашиглалтын байдлын үзлэг, судалгааны түвшинд ашиглахад тун боломжтой, энгийн хялбар програм болох нь дахин нотлогдлоо. Бүр нарийвчилсан хэмжилтийг тусгай тоноглол бүхий ROMDAS-ын машинаар хийх нь зүйтэй. Гэхдээ нэг их ноцтой зөрүү гарахгүй л болов уу.

Тэгш байдлыг олон улсын тэгш байдлын индексээр (IRI)-ээр үнэлж, жигнэхэд арын хүснэгтэд заасан байдалтай байна. Үүнийг GoogleMap-д оруулан өнгөөр ялган харуулав, эндээс байршлыг илүү тодорхой харж болно.

Ер нь аливаа тэгшхэн зам эвдрэх нь бага байдаг. Тийм учраас замын тэгш байдалд тогтмол хяналт тавих нь замын эвдрэлийн эрчимжилтэд хяналт тавьж байна гэсэн үг юм. Зам хэрэглэгчидэд, тэгшхэн сайхан, тэмдэг тэмдэглээтэй, өргөн зам л хэрэгтэй. Түүнээс биш тухайн замын хучилтын хийц, ангилал, төрөл огт чухал биш. Олон улсад замын ашиглалтын байдлын судалгааг хийхдээ хамгийн түрүүнд тэгш байдлыг үздэг. Тиймээс IRI-International Roughness Index буюу олон улсын тэгш байдлын индексийг 1км-т хэр зэрэг хэлбэлзэлтэй байгаагаар шалгадаг.

Хэмжилт хийсэн хуучин замуудын тэгш байдал мууджээ. Ээлжит засварыг хугацаанд нь хийгээгүйгээс (нормативт хугацаа нь 2-4 дахин хэтэрснээс) шалтгаалан Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган, Булган-Уньтын замууд цаашдаа эрчимтэй эвдрэх хандлагатай болсон байна. Хайран замууд, та бидний мөнгөөр боссон инженерийн байгууламжууд шүү дээ. Уньт-Гуртын гүүрний зам эрхбиш 6 жилийн насжилттай учраас гайгүй сайн байна. Гэхдээ л ээлжит засварыг хугацаанд нь хийхгүй бол, дээрх замуудын түүх давтагдах нь ойлгомжтой.

Хамгийн харамсалтай нь дөнгөж хөдөлгөөн нээгээд байгаа “хэл амтай” Дарханы замын 2 хэсгийн тэгш байдал нь 6-15 жилийн насжилттай дээрх замуудынхтай ойролцоо байх юм. Албан ёсоор ашиглалтад аваагүй болохоор, Зөвлөх компани болон ЗТХЯ анхааралдаа авах байх гэж найдаж байна.

Салхинд гарч алхангаа, Гуртын гүүрэн дээр бараг өдөр болгон шахам очив. Бидний нүүрээ тахалдаг гүүрийн ерөнхий байдал сайн байна. Гэхдээ л хоорондоо 25см орчин зайтай ган дам нуруунуудын хоорондох заадсан дээр гагнасан 1.5см зузаантай листүүдийн гагнуур салж, хөдөлгөөнд орсноос дам нурууг маань машин өнгөрөх бүрд лантуугаар цохиж байгаа мэт тас тас нүдэж, яс хавталзуулж байх юм.

Мөрөөрөө л амраад ирэхгүй, салхинд ч зүгээр алхчихаж чадахгүй гэж шүүмжлүүлэхээс айсангүй, үзсэн харснаа биччихлээ. Таалагдаагүй хүмүүс уучлаарай. Авто замын Зөвлөх инженер

Бичвэрийг: Нямжавын АДИЛБИШ 2022-02-28

Холбоотой мэдээ