Биеийн тамирын хичээлээр ЭЕШ авдаг болох талаар санал солилцжээ

               
2022-03-03 0

Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “ЕБС дахь биеийн тамирын боловсрол: Япон улсын жишээн дээр” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн , УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки болон бусад албаны хүмүүс, ЕБС-ийн биеийн тамирын багш нар оролцлоо.

Хэлэлцүүлгийн нээж УИХ дахь Монгол Япон парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн үг хэллээ. Улс орны хөгжил хүнээс шалтгаалдаг, мөнгөнөөс бус. Мөнгийг ухаант хүн бий болгодог. Тэр ухаант хүн эрүүл, чийрэг байх ёстой гэдгийг хэлэх байна. Хоёрдугаарт, спорт бол нийгэмд эв нэгдэл, нөхөрлөлийг бий болгодог. Энэ бол улс орон бүтэн байхын нэг хүчин зүйл. Ялангуяа үндэсний спорт эн чиглэлд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.Гуравдугаарт, Спорт бол эх орноо дэлхийд сурталчлах маш чухал хэрэгсэл юм. Хүнд эх оронч хүмүүжил, нөхөрлөлийн суурийг бүтээдэг, эрүүл байх үндсийг тавьж, бие бялдрын хөгжил, хүмүүжлийг дэмждэг газар нь бүх шатны боловсролын байгууллага, тэр дундаа биеийн тамирын хичээл юм. Иймд, “ЕБС дахь биеийн тамирын боловсрол: Япон Улсын жишээн дээр” сэдвээр өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүлж, Японы биеийн тамирын хичээл, сургалтын стандарт, заах арга зүйн талаар туршлага судлах нь манай багш, сургагчдын хувьд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна хэмээв.

Оролцогчид биеийн тамирын хичээлийн чанар үр дүнг дээшлүүлэхэд элсэлтийн ерөнхий шалгалтыг биеийн тамирын хичээлээр авдаг байх, бие бялдрын хөгжлийн судалгааг сайжруулах, биеийн тамирын хичээлийн хоцрогдлыг онцгой анхаарах, секц дугуйлангийн хөтөлбөр боловсруулах, тэмцээн уралдаанаар багш нарыг чадварыг үнэлдэггүй байх, спортын лаборатори байгуулах зэрэг саналууд хэлж, холбогдох албаны хүмүүс асуултад хариулав.

Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн, УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг үг хэлэв. Япон улсын хөгжлийн гол нууц нь хүний хөгжил. Биеийн тамирын боловсрол зөвхөн тамирчдын, спортын салбарынхны асуудал биш. Хүн бүрийг төлөвшүүлж хөгжүүлэх асуудал учир онцгой анхаарах шаардлагатай. Эцэг эхчүүд урлаг, биеийн тамирын хичээлийг хоёрдогч гэж үзэн хүүхдүүддээ энэ чиглэлээр хөгжих цаг завыг гаргаж өгөхгүй байна. Энэ хандлагыг нийтээр өөрчлөх хэрэгтэй. Боловсролын багц хуульд үүнийг онцгой анхаарч биеийн тамир болон урлагийн амжилт гаргасан хүүхдүүдийг их, дээд сургуульд тэтгэлгээр элсүүлэх, биеийн тамирын хичээлийн зал, материаллаг, хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх, баяжуулах, багшийн үр дүнг үнэлэх шалгуурыг өөрчлөх шаардлагатай гэлээ. Эдгээр саналууд болон хуралд оролцсон багш нарын саналыг ажлын хэсэг дээр ярилцаж, хуулийн төсөлд тусгуулах тухайд анхаарах болно гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ