Товчхон
               

Польшийн Ерөнхийлөгч зургадугаар сарын 15-нд Монголд айлчилна

               
2022-03-03 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа.

Д.Сумъяабазар дарга “Монгол Улс Бүгд Найрамдах Польш Улстай 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэг зэрэг олон салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн. Цаашид хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нягт хамтран ажиллана” гэлээ.

Түүнчлэн Варшав хотод Улаанбаатар хотын Төлөөлөгч томилохоор болсныг дуулгахад таатай байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Кшиштоф Бойко Улаанбаатарын төлөөлөгчийг томилсноор хотууд хоорондын харилцаанд чухал ач холбогдолтойг онцоллоо. Тэрбээр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчийн зургадугаар сарын 15-нд Монгол Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалын үеэр Фредерик Шопений нэрэмжит гудамжны нээлтийг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн “Тус айлчлалын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бизнес форум зохион байгуулах саналтай байна” гэв.

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсангийн гудамжнаас зүүн тийш “Хан хиллс” хотхоны хойд талын авто замын тойрог хүртэлх 1.1 км гудамжийг Фредерик Шопений нэрэмжит гудамж болгон албан ёсоор нэрлэжээ.

Холбоотой мэдээ