
Монголд амьдардаг Украин иргэд өнөөдөр Улсын их дэлгүүрийн өмнө байрлах “Beatles”-ийн хөшөөний хажууд тайван жагсаал хийлээ. Тэдний зүгээс дайныг зогсоох, Украин Улсад энх тайвныг эргүүлэн авч ирэхийг урийлж буй юм. Жагсагчдын төлөөлөл Украин Улсын иргэн Анастасия Жукавагаас болж буй үйл явдлын талаар хэдэн зүйлийг тодрууллаа.
-Сайн байна уу? Юун түрүүнд та өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу? Намайг Анастасия Жукава гэдэг. Би Монгол Улсад анх 2008 онд ирсэн. Улаанбаатар хотод нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.
-Таны гэр бүлийн бусад гишүүд Украинд бий юу?
-Тийм. Аав, ээж маань Киев хотод амьдардаг.
–Тэдний нөхцөл байдал ямар байна вэ?
-Тэд маань ямартай ч эсэн мэнд байгаа. Гэхдээ мэдээж орчин тойронд нь бөмбөгдөлт болж байгаа учраас маш их айдастай байгаа. Би тэдэнтэйгээ хэзээ дахин уулзахаа ч мэдэхгүй байна. Тэдний төлөө болон нийт Украин иргэдийн төлөө өнөөдрийн жагсаалд оролцож байна.

-Хамгийн сүүлд та хэзээ эх орондоо очсон бэ?
-Өнгөрсөн аравдугаар сард.
-Украин Улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийд хандаж хэлэх үг байна уу? Тэр өнөөгийн нөхцөл байдалд хангалттай сайн удирдагч байж чадаж байна уу?
-Хэн ч төгс биш. Гэхдээ тэр өнөөгийн аймшигт нөхцөлд байдалд сайн удирдагч байж чадаж байна гэж бодож байна. Тэр Украин иргэдийг маш сайн зохион байгуулалтад оруулж чадаж байгаа. Тэр өөрийн байр сууриа хэн нэгнээс айж, эмээлгүй илэрхийлж чадаж байна. Яг энэ нөхцөл байдалд тэр өөрийн хийж чадах бүхий л зүйлсээ хийж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Энх тайвныг хүсье.
-Баярлалаа.


0 cэтгэгдэлтэй