Товчхон
               

А.Тлейхан: Эрчим хүчний үнэ тарифыг нэмээгүй

               
2022-03-04 0

Эрчим хүч, дулааны үнэ тарифыг нэмээгүй, 2019 оноос хойш үнэ тарифт ямар нэг өөрчлөлт оруулаагүйг Эрчим хүчний зохицуулах хорооноос албан ёсоор мэдээллээ.

Эрчим хүчний салбар 2019 онд 59 тэрбум, 2020 онд 88 тэрбум, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг бүрэн хариуцсан. Өнгөрсөн гурван жилд гадаад валютын ханш 7, хэрэглээний үнийн индекс 16.1, үйлдвэрлэгчийн үнийн индекс 34.5, үйлдвэрийн усны үнэ 72.5-80 хувиар нэмэгдсэн ч цахилгааны үнэ тариф хэвээр байгааг Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ онцлов.

Түүнчлэн, уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн дундаж тариф 212 төг/кВт.ц буюу өртгөөс 5 хувиар, аж ахуйн нэгж байгууллага 179 төг/кВт.ц буюу 25, орон сууцны айл өрх 149 төг/кВт.ц буюу 50, гэр хорооллын өрх 141 тэг/кВт.ц буюу 59 хувиар доогуур тариф мөрдөж байгаа аж.

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг давах, амьжиргааны өртгийг багасгахаар нэгдүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 31 дуустал орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250 кВт.ц, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.ц хүртэл айл өрхийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцаж байгаа.

Улсын хэмжээнд 696 мянган цахилгаан эрчим хүч хэрэглэгч айл өрх байгаагаас нийслэлд 392 мянга, орон нутагт 304 мянган айл өрх хөнгөлөлтөд хамрагдана. Ингэснээр орон сууцны айл өрхийн 78, гэр хорооллын айл өрхийн 75 хувь нь төлбөрөө төлүүлэх боломжтой. Энэ төлбөрт төрөөс 72.1 тэрбум төгрөгийг хариуцах юм. Таван сарын хугацаанд 250 квт.ц хэрэглээтэй орон сууцны айл өрх 41300 төгрөг, 350 кВт.ц хэрэглээтэй гэр хороолын айл өрх 58300 төгрөгийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр байгааг ЭХЗХ-ны дарга А.Тлейхан тэмдэглэлээ.

Засгийн газрын тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын нэгнээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний хугацаанд хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүч, уурын төлбөрийг төрөөс хариуцсан. Цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд 738.2 мянга, дулааны эрчим хүчний хөнгөлөлтөд 369 мянган хэрэглэгч хамрагджээ. Нийт төлбөр нь 1,009.2 тэрбум болсны 86.1 хувь буюу 868.5 тэрбум төгрөгийг төрөөс, 13.9 хувь буюу 140.7 тэрбум төгрөгийг хэрэглэгч өөрсдөө төлжээ.  

Холбоотой мэдээ