Товчхон
               

Саудын Арабад футурист цанын бааз байгуулна

               
2022-03-04 0

Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Сальман Аль Сауд уулын аялал жуулчлалд зориулж футурист амралтын газар байгуулах “TROJENA” төслөө танилцуулжээ.

Тус улсын тэргүүн шадар сайд, Батлан ​​хамгаалахын сайдын албыг хашдаг Мохаммед бин Сальманы хэлснээр, уг төсөл нь аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор шинэ хот байгуулах “NEOM” хэмээх төслийнх нь нэг хэсэг бөгөөд дэлхий дахинд шинэ чиглэл болох гэнэ.

“Байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын зарчмыг инновацын технологитой хослуулсан “TROJENA” нь виртуал ертөнцтэй бодит байдлыг нэгтгэсэн онцгой дизайн, дэвшилтэт архитектур, технологийнхоо ачаар дэлхий дахины уулын аялал жуулчлалын тухай ойлголтыг бүрэн өөрчлөх болно. Амралтын газрын өвөрмөц архитектур нь “NEOM” хотын уулсын гайхалтай үзэсгэлэнт газруудад түшиглэнэ” тэрбээр онцлон хэлсэн байна.

Акабагийн булангаас 50 км зайд байрлах амралтын газрын онцлог нь цанын зам байх ажээ. Уг зам нь 1500-2600 метр өндөртэй уулын хөвч шилүүдээр 60 км үргэлжлэх юм. Өвлийн улиралд энд агаарын температур тэгээс доош буурч, цас унадаг. Үүнээс гадна Троженад агаарын температур тус улсын бусад бүс нутгуудаас жилийн туршид дунджаар 10 градусаар бага байдаг ажээ.

Энэхүү төслийг 2026 он гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Энэ үед цанын тосгон, гэр бүлийн амралтын болон сувиллын газрууд, интерактив байгалийн нөөц газар бий болно. Саудын Арабын эрх баригчид 2030 он гэхэд Трожена руу 700 мянган жуулчин, 7000 байнгын оршин суугч татахаар төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ