
Өнгөрсөн жил Японы төв хэсэгт байрлах цагаачлалын төвд хоригдож байхдаа нас барсан Шри Ланка эмэгтэйн төрөл төрөгсөд Японы засгийн газрыг шүүхэд өгчээ.
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 6-нд Нагоя мужийн Цагаачлалын албаны товчоонд хоригдож байхдаа гэдэс нь хүчтэй өвдөж, бөөлжсөний улмаас 33 насандаа нас барсан Ратнаяке Лиянаже Вишма Сандамалигийн гэр бүл Нагоя дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Вишма 2017 онд япон хэл сурахаар оюутны визээр Японд ирсэн ч визний хугацаагаа хэтрүүлсэн байна. Вишма өвчний улмаас нас барсан боловч мөрдөн байцаалтын явцад түүнийг үхэлд хүргэсэн олон хүчин зүйл байсан болж таарчээ. Гэвч эмнэлгийн ажилтнууд нарийн шалтгааныг тогтоож чадахгүй байгаа гэнэ. Түүний эгч, 27 настай Поорнима дүүргийн шүүхийн өмнө сэтгүүлчдэд хандан “Бид түүнийг яагаад, хэрхэн үхсэнийг одоо болтол мэдэхгүй байна. Ийм удаан хугацаа шаардана гэж бодсонгүй” гэжээ.
Арваннэгдүгээр сард ойр дотныхон нь цагаачлалын төвийн удирдах албан тушаалтнуудын эсрэг Нагоя дүүргийн прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэн, Вишмагийн үхлийг эмнэлгийн тусламж үзүүлээгүйгээс болсон гэж мэдэгджээ. Хууль зүйн сайд Ёшихиса Фурукава мэдэгдэхдээ “Бид зүрх сэтгэлийнхээ гүнээс гэмшиж байна. Үүнтэй ижил төстэй байдал дахин хэзээ ч давтахгүйн тулд хичээх болно. Энэ бол хүний амь насыг хариуцдаг цагаачлалын төвүүдэд тохиолдох ёсгүй зүйл байсан” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Kyodo news

0 cэтгэгдэлтэй