Товчхон
               

Хүн рүү кофе асгасан Б.Ариунзаяаг хилээр гарахыг хориглолоо

               
2022-03-04 0

Бусдын толгой дээр халуун кофе асгаж, зүй бус авирласан Б.Ариунзаяагийн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Өчигдөр түүнийг МУИС-иас хасах шийдвэрийг сургуулийн удирдлагууд гаргасан. Түүний дараа сошиал сүлжээнд энэ сургуулиас, Монгол улсаас ч яваад өгнө гэж бичиж байсан билээ. Тэгвэл шүүхээс өнөөдөр дараах шийдвэрийг гаргажээ:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Ариунзаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “…Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч  М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох…” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2022 оны гуравдугаар сарын 04-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг судалж үзээд прокуророос гаргасан “…Тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч М болон түүний ар гэрийнхэнтэй уулзахыг хориглох…” хязгаарлалт тогтоох санал нь үндэслэлгүй байх тул хүлээн авахаас татгалзав.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн 2022 оны гуравдугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгчийн захирамжийн хувийг Хил хамгаалах ерөнхий газарт даруй хүргүүлэхийг шүүгчийн туслахад, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Холбоотой мэдээ