Товчхон
               

ОХУ дуайны тухай худал мэдээлэл тараасан этгээдэд 15 жилийн ял онооно

               
2022-03-05 0

Украинд өрнөж буй дайны талаар худал мэдээ тараасан этгээдэд 15 хүртэл жилийн хорих ял оноох хуулийг өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баталжээ.

Хуулийн төслийг Оросын парламентын хоёр танхим өчигдөр яаравчлан хэлэлцэж, дэмжсэн юм. Оросын эрх баригчид өөрийн зэвсэгт хүчний болон энгийн иргэдийн хохирлын талаар тоо баримт, мэдээллийг “худал мэдээ” хэмээн байнга үгүйсгэж байгаа.

Мөн тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүд Украинд болж буй үйл явдлыг “дайн”, “түрэмгийлэл” гэхийн оронд “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэсээр байна. Шинэ хуулиар зэвсэгт хүчнийх нь талаар худал мэдээ тараасан хүнд гурав хүртэл жилийн хорих ял, эсвэл их хэмжээний мөнгөн торгууль оноох ба хэрвээ тараасан мэдээ нь ноцтой үр дагаварт хүргэвэл хорих ял нь 15 хүртэл жилийн хугацаатай болж хүндрэх гэнэ.

Өчигдөр бас ОХУ-ын харилцаа холбооны зохицуулах байгууллага Роскомнадзор тус улсын нутаг дэвсгэрт Фэйсбүүк сошиал сүлжээг хориглож, гадаадын таван мэдээллийн хэрэгслийг хаасан байна.

Фэйсбүүк компани өмнө нь Оросын төрийн суртал нэвтрүүлгийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг платформдоо хориглосон юм.

Үүний хариуд Роскомнадзор тус платформын үйл ажиллагааг ОХУ-д хоригложээ. Хаагдсан мэдээллийн сувгууд нь BBC, Voice of America, Radio Free Europe, Deutsche Welle, Латвийн Meduza вэбсайт болсон байна.

Эдгээр тав нь ОХУ-ын нутаг дэвсгэрт хамгийн нөлөө бүхий гадаадын мэдээллийн хэрэгслүүд юм. Украины дайнаас болоод зөвхөн гадаадынх ч биш, бас Оросын дотоодын хараат бус мэдээллийн хэрэгслүүд хаагдаж эхэлжээ.

Холбоотой мэдээ