
Тус аймагт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн талбай буюу 5.8 га газрын нөхөн сэргээлтийг хийжээ.
Тодруулбал, Дөрвөлжин сумын Таван толгой багийн нутагт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 5.8 га газрын нөхөн сэргээлтийн ажлыг “Чу макс” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Энэ жилийн уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх үйл ажиллагааны төлөвлөлт хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд уул уурхайн 46 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл 36, ашиглалтын тусгай зөвшөөрөл 10 байна. Ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Баян-Айраг Эксплорэйшн ХХК алт олборлох, Монгол хан хоршоо нь давс олборлох үйл ажиллагааг явуулж байна. Харин ашиглалтын үйл ажиллагаа эхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч Шувуун хар уул ХХК алт, Түүчээ тэрэг ХХК алт олборлох зөвшөөрөлтэй байна. Уул уурхайн салбар нь төслийн бүхий л шатанд хүрээлэн буй орчин болон орон нутгийн иргэдийн амьдралд нөлөөлдөг. Уул уурхайн нөхөн сэргээлт гэдэг нь уурхайн үйл ажиллагаа зогссоны дараа тухай уурхайн талбайг хэрхэн яаж, ашиглахаар төлөвлөж байгаагаас хамааран тухайн газар нутгийн бүтцийн зураг төслийг боловсруулах, газар нутгийг хуучин дүр төрхөд нь оруулах, тогтвортой эко тогтолцоог бий болгох, эсхүл өөр төрлийн ургамал тарьж нутагшуулах үйл ажиллагааг хэлнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

0 cэтгэгдэлтэй