
Оросын хоёр дахь том газрын тосны компани Лукойл өчигдөр засгийн газрынхаа Украинд явуулж буй дайныг зогсоох уриалга гаргажээ.
Улсдаа зөвхөн төрийн өмчит Роснефть компанийн дараа эрэмбэлэгддэг Лукойл нь дэлхийн түүхий газрын тосны 2 гаруй хувийг үйлдвэрлэж, 100,000 гаруй хүнийг ажлын байраар хангадаг юм.
Өчигдөр тус компанийн удирдах зөвлөлөөс хөрөнгө оруулагчид, ажилчид, албан хаагчид, харилцагчдадаа хандаж мэдэгдэл гаргажээ.
“Энэхүү эмгэнэлт үйл явдлын бүх хохирогчдод бид чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна. Урт хугацаагаар гал зогсоож, асуудлыг нухацтай яриа хэлэлцээ, дипломат арга замаар шийдвэрлэхийг бид тууштай дэмжиж байна” гэж Лукойл компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.
Лукойлын гүйцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Вагит Алекперов нь Оросын хамгийн баян хүмүүсийн нэг юм. Тэрбээр өөрийн орлогч Леонид Федуний хамт Лукойлын ихэнх хувьцааг эзэмшдэг.
Тус компани дэлхийн олон арван оронд үйл ажиллагаа явуулдаг байна. Украины хямралтай холбоотой Өрнөдийн орнуудын зарласан эдийн засгийн хориг Лукойл компанид том цохилт болоод байгаа.
Дайн эхэлснээс хойш Лондоны хөрөнгийн бирж дээр Лукойлын хувьцааны ханш 99 хувиар унаад байна. Улмаар Пүрэв гарагт тус компанийн хувьцааг арилжаалахыг зогсоосон юм.
АНУ-д Лукойлын франчайз эрхтэй 230 орчим шатахуун түгээгүүрийн станц байдаг. Эдгээр станцууд нь АНУ-ын засаг захиргааны зарласан эдийн засгийн хоригт багтах болоод байгаа.
Энэ долоо хоногийн эхээр Оросын тэрбумтнуудаас анх удаа Михайл Фридман, Олег Дерипаска нар дайныг зогсоохыг засгийн газартаа уриалж байв.
Ийнхүү Оросын хөрөнгөтнүүд Кремлийн эрх баригчдын Украинд явуул буй дайны эсрэг уриалгад нэгдсээр байна.

0 cэтгэгдэлтэй