Итали улс Оросын олигархиудаас тансаг хөлөг онгоцнуудыг нь хураажээ

               
2022-03-06 0

Итали улсын засгийн газар Баасан гарагаас хойш Оросын олигархиудын тус улс дахь $156 саяын үнэ бүхий хөрөнгийг хурааснаа мэдээлжээ.

Үүнд тансаг хөлөг онгоцнууд, үл хөдлөх хөрөнгүүд байгаа юм байна. Тухайлбал Путиний ойрын хүмүүсийн нэг Геннадий Тимченкогийн “Лена” нэртэй супер хөлөг онгоцыг Сан-Ремо хотын боомтоос хураажээ.

Сардини аралд байдаг Оросын тэрбумтан Алишер Усмановын тансаг харшийг, Комо нуурын эрэг дэх Оросын телевизийн тоймч, Путиний суртал нэвтрүүлэгч Владимир Соловьевын харшийг тус тус хураасан байна.


“Бид Путиний эзлэн түрэмгийллийг зогсоож, яриа хэлэлцээний ширээний ард суулгаж чадах ёстой. Хориг арга хэмжээ бол Путинд нөлөөлөх цорын ганц арга зам юм” гэж Италийн гадаад хэргийн сайд Луйжи Ди Майо өнгөрсөн Баасан гарагт телевизээр үг хэлэхдээ мэдэгдсэн юм.

Итали нь Оросын элитүүдийн хөрөнгийг хурааж байгаа ганц улс биш.

Саяхан Францын засгийн газар Роснефтийн гүйцэтгэх захирал Игорь Сечиний эзэмшдэг $120 саяын үнэтэй супер хөлөг онгоцыг хурааж авснаа зарлаж байв.

Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден конгрессын хоёр танхимд хандаж үг хэлэхдээ Оросын олигархиудын хөрөнгийг удахгүй хурааж эхлэхээ мэдэгдсэн юм.

Америкийн улс төрийн хоёр гол намын хууль тогтоогчид “Yachts for Ukraine” нэртэй хуулийн төслийг удахгүй конгресст өргөн барихаар бэлдэж байна.

Энэ хууль батлагдвал Вашингтоны эрх баригчид Оросын олигархиудаас хурааж авсан хөлөг онгоцнуудыг зарж, олсон орлогыг нь Украинд тусламж болгон илгээх эрхтэй болох юм.

Холбоотой мэдээ