
Өмнөд Солонгосын Самсунг компани ОХУ руу бүх бүтээгдэхүүн нийлүүлэлтээ зогсоож байгааг өчигдөр зарлажээ.
“Өнөөдрийн геополитикийн нөхцөл байдлын улмаас бид ОХУ руу бүтээгдэхүүн нийлүүлэлтээ бүрэн зогсоож байна. Нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажигласны үндсэн дээр бид дараагийн алхмаа шийдэх болно” гэж тус компаниас мэдэгдсэн байна.
Самсунг бол дэлхийн хамгийн том электроникийн үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд зөвхөн гар утсаар тогтохгүй, чип, хагас дамжуулагч, бүх төрлийн ахуйн цахилгаан бараануудыг ОХУ-ын зах зээлд нийлүүлдэг юм.
Нийлүүлэлтээ зогсоосноос гадна Самсунг компани хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж байгаагаа бас зарласан байна.
Уг ажлын хүрээнд нийтдээ $6 саяын тусламжийг Украины дүрвэгчдэд үзүүлэхээр болжээ. Үүнээс $1 сая нь тус компанийн бараа бүтээгдэхүүн, ажилчдынх нь цуглуулсан сайн дурын хандиваас бүрдэж байгаа гэнэ.
Өмнөд Солонгосын засгийн газар өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдэж байгаагаа зарласан юм.
Гэхдээ Самсунг компанийн зарим бараа бүтээгдэхүүнийг уг хоригоос чөлөөлөх тухай мэдэгдэж байв. Харин Самсунг компани засгийн газрынхаа олгосон онцгой зөвшөөрлийг үл хэрэгсэн өөрийн зүгээс ийм шийдвэр гаргасан байна.

0 cэтгэгдэлтэй