
Монгол улсын иргэн Ч.Мөнгөндалай Африкийн ноён оргил Климанжаро (5895м) ууланд авираад эх орондоо эргэн ирлээ. Сонсголын бэрхшээлтэй Ч.Мөнгөндалайгийн хамгийн сүүлийн аялалын сонин сайхны талаар болоод уулын спортын талаар ярилцлаа.
-Сайн байна уу? Африк тивийн ноён оргилд гарсанд тань баяр хүргэе. Аяллынхаа сонин сайхнаас хуваалцана уу?
-Сайн байна уу? Юун түрүүнд би өөрийгөө танилцуулъя. Намайг Ч.Мөнгөндалай гэдэг. Би уулын спорт сонирхогч. Климанжаро ууланд Монгол Улсаа төлөөлж ганцаараа гарсан. Надаас гадна олон орны уулын спорт сонирхогчид байсан.
–Ихэнх хүмүүс энэ ууланд гарахын тулд 3-4 хоног зарцуулдаг юм байна. Таныг хоёр өдрийн дотор оргил дээр гарсан гэж сонссон. Оргилд хүрэх зам хэр байв?
-Манай аялалд надаас гурван гадаадын иргэн байсан. Хоёр хоёроороо баг болж ууланд авирахад нөгөө багийн хүмүүс ядарч цуцан бид хоёр түрүүлж хөдөлснөөр уулын оройд хүрсэн. Хэдэн ч метрийн өндөрт гарсан 4G дата сүлжээ барьж байсан.
–Климанжаро оргил таны гарсан хэд дэх өндөр оргил вэ?
– 2018 онд Европ тивийн Ноён Оргил Эльбурс (5642м) оргилд гарч байсан. Мөн 2019 оны 10 сард Алтай-Актру (4074м) ууланд гарсан. Энэ бол миний гурав дахь том оргил. Нийт дэлхийн долоон өндөр оргилд гарах хүсэлтэй.
-Гадны уулчидтай хамт ууланд гарахад ямар саад бэрхшээл тулгарч байв?
-Маш их цаг хугацаа зарцуулсан. Шантрах үе ч их байсан. Замдаа гурван удаа буудалласан. Өндөрт ойртох тусам цаг агаар маш их хүйтэрдэг юм билээ. Зарим газар нь бороо орж байхад зарим хэсэгтээ нартай. Зөвхөн нэг гуталтайгаар бүх замыг туулсан.
–Дэлхийн том оргилууд дээр гарах аялал тань мэдээж цааш үргэлжлэх байх. Харин одоо эх орныхоо талаар ярилцацгаая. 11,400 км дугуйтай эх орноо тойрон аялсан. Эх орондоо дугуйтай аялаж байсан туршлагаасаа хуваалцвал?
-Ууланд гарах үед богино хугацаанд амжилт гаргах боломжтой бол дугуйтай аялах үед замд идэх хүнс, ус олдохгүй. Дараагийн зогсоол хэдэн км-ийн цаана байгаа нь төдийлэн тодорхой бус. Бие махбодын хувьд ч, дугуйны хувьд мөн эвдрэл, гэмтэл гардаг гээд саад бэрхшээлүүд байдаг. Уулын спорт аюултай ч миний хувьд дугуйтай аялал илүү авхаалж самбаа сорьсон санагддаг. Ууланд авирах алхалт бүрээсээ би суралцдаг. Ууланд авирч байх үед ямар ч алдах эрх байдаггүй.
–Монголд дугуйтай аялаж яваа гадны жуулчдыг анх хараад дугуй унах сэдэл төрсөн талаараа ярьж байсан. Гадны оронд дугуй унаж байсан уу?
-Дугуйтай аялалыг зөвхөн Монголд хийсэн. Гадаадад дугуй унаж байгаагүй. Аль болох цаг үетэйгээ хөл нийлүүлээд, дугуйгаар аялалгүй цагаа ч хэмнээд уулын спортдоо илүү дурлах болсон.
–Та Алтай Таван Богд Хүйтэний оргилд хоёр ч удаа гарсан юм байна. Хоёр удаа гарахад ямар ялгаатай байсан бэ?
-Эхний удаадаа хүн суралцах хэрэгтэй. Олон улсад ууланд гарах аяллынхаа суурийг Монголд тавьсан гэж ойлгож болно. Хүйтэн оргилтой уулууд олон бий. Энэ аялалыг хоёр жилийн өмнө төлөвлөсөн байсан хэдий ч коронавирусийн улмаас гадагшаа явах боломжгүй болж Монголдоо бэлтгэл хийсэн.
Тэр оргил дээр хэдэн удаа гарсан нь чухал биш. Хэд хэдэн онд гарсан гэдэг нь чухал. Нэг оргил дээр хоёр дахь удаагаа гарсан ч шинээр суралцаж байгаа мэт мэдрэмж төрдөг. Авч явах ачаа, тоноглол, хувцас хунар зэрэг зүйлийн хэмжээг ууланд гарснаар мэдэж авдаг, суралцдаг. Бэлтгэлээ маш сайн базаасан байх хэрэгтэй.
-Хамгийн сүүлд 2019 онд Алтай-Актру оргилд гарсан талаараа түрүүн дурдсан. Энэ оргилын онцлог нь ямар байсан бэ?
-Алтай-Актру руу уулын спортын тамирчин Б.Гангаамаатай хамт гарч байсан. Би хэдий сонсголгүй ч олон сонсголтой хүмүүстэй хамт аялсан. Хэнтэй ч хамт аялсан хэзээ ч бууж өгөх талаар бодоогүй. Хамт аялаж байгаа хүмүүсээсээ суралцаад нэг баг болоод уулынхаа оргилд хүрсэн. Замд туйлдаж, эцэх тохиолдол их бий. Багийн гишүүдийн биед тохирсон ачааг хуваарилна. Замд гарах үед агаарын даралт өөр өөр байдаг учраас толгой эргэх зэрэг асуудлууд их гардаг.
-Дэлхийн томоохон оргилууд дээр гарахад дунджаар хэдий хэмжээний жин бүхий ачаа үүрч уул өөд өгсдөг вэ?
-Тухайн улсынхаа цаг агаараас хамаараад хэрэгтэй хувцаснуудаа бүгдийг нь авч явахаас өөр аргагүй. Учир нь уулан дээр дөрвөн улирлын аль улирал таарч болно. Мөн хоол хүнснээс гадна ус хийх халуун сав зэргийг бүгдийг нь авч явдаг. Яг хэдэн кг-ын ачаа авч явдгийг хэлэхэд хэцүү байна.
–Одоогийн байдлаар таны гарсан хамгийн хүнд оргилд аль уул орох вэ?
-Эльбурс оргилыг нэрлэнэ. Гэхдээ сүүлд гарсан Климанжаро оргил ч мөн тун хүнд байсан. Африкийн халуун орон учраас ам их цангахаас эхлээд бэрхшээлүүд тулгарна. Хамт аялж байсан хүмүүс маань үүрийн 5-6 цагийн үед босоод уул руугаа гарна. Гэхдээ тэр хүмүүс буруу замаар явах гэж байсныг нь би зөв зам руу дагуулсан. Би өөрийн мэдрэмжээ дагахаас илүүтэйгээр утаснаасаа газрын зургийг харж явсан. Түүнээс гадна уулынхаа эгц, налууг тооцоолон зөв замыг сонгох хэрэгтэй болдог. Бид өмнө хүмүүсийн явж мөр гаргасан замаар яваагүй. Шинэ зам гаргаж явсан. Маш их бартаат зам байсан. Надтай хамт явж байсан хүний нүд агаарын даралтаас үүдэн улайсан гэх зэрэг зүйлүүд тухайн үед тулгарсан.
Мөн аяллын хөтөлбөрийн төлбөрөөс гадна уул руу гарахын тулд нэлээд хүнс нөөцлөх шаардлага үүссэн учир 200 ам.долларын төлөвлөгдөөгүй зардал гарч ирсэн. Иймд Монгол руугаа яаралтай холбогдож мөнгөний асуудлаа шийдвэрлэсэн.
–Герман Улсын зохиолч Ф.Гельдерлин “Хаана аюул байна, тэнд аврал ч байдаг” хэмээн хэлсэн байдаг. Та өөрийгөө хэр зоригтой хүн гэж боддог вэ?
-Отгонтэнгэр ууланд ганцаараа гарч байх үед төдийлөн зориг байгаагүй гэж хэлж болно. Хоол, хүнс багатай байсан учраас дээшээ гарах тусам тамирдаж, уулнаас уначих юм шиг мэдрэмж төрж байсан учраас буугаад хүнсээ нөөцөлж аваад эргээд гарч байсан. Тэр үед хүчгүйдэж магадгүй байсан учраас их айж, хамаг бие хувхай цайж эхэлсэн. Хэрэв та ууланд авирах гэж байгаа бол хоол хүнсээ сайн бэлдээрэй гэж зөвлөмөөр байна.
-Таны хэд хэдэн ярилцлагыг уншихад эх оронч сэтгэлгээ нэвт ханхалж байсан. Таны хувьд эх орон гэж юу вэ?
-Уулын оргилд гарах бүртээ Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулахыг маш их хүсдэг. Учир нь миний энэ амжилт Монгол Улсын маань амжилт. Үүнийг дэлхий нийтэд харуулахын тулд төрийн далбаагаа би хаана ч авч явах болно. Монгол хүн гэдгээрээ би бахархдаг. Дэлхийн томоохон спортын тэмцээн, уралдааны нэгдүгээр байранд орсон тамирчин төрийн далбаагаа мандуулдаг шиг энэ зүйлийг би өөртөө ёс, уламжлал болгосон. Монгол Улсын сонсголгүй иргэн тэр өндөр оргилд гарсан гэдэг мэдээг дэлхийн хүмүүст харуулахын тулд аль ч улсын уулчидтай нэг баг болон ууланд гардаг. Гэхдээ бие физиологийн хувьд өөртэйгээ ойролцоо хүмүүстэй хамт ууланд гарвал илүү дөхөм болохыг ойлгосон.
-Гадны уулчидтай нэг баг болох гэснээс та олон гадаад найзтай юу?
-Нэлээд хэд бий. Гадаад хүмүүстэй аль болох танилцаж нөхөрлөхийг хичээдэг. Ялангуяа уулын оргилд гарах үед тэнд цугларсан бүх хүн нэгэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэдэг.
-Ууланд гарч байх хугацаандаа хэд хэдэн удаа лайв бичлэг хийсэн. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Хэдий өндөрт гарсан ч зарим газруудад сүлжээ барьж байсан. Заримдаа хөдөө орон нутагт сүлжээ барьдаг уулан дээр гараа өндөрт өргөөд утсандаа сүлжээ оруулдаг шиг тохиолдлууд гарч байсан. Лайв хийсэн шалтгаан маань надад итгэж хандив өгсөн монголчуудынхаа итгэлийг зүтгэлээр хариулж буй үйлдэл гэж дотроо бодож байсан.
–Таны дараагийн гарахаар төлөвлөж байгаа оргил аль улсын ямар оргил вэ?
-АНУ-ын хамгийн өндөр оргилд гарах зорилготой байгаа. Клубынхаа хүмүүстэй хамт дараагийн оргилдоо гарах бэлтгэл хийнэ. Дараагийн гарах уулаа маш сайн судалж, гутал хувцас болон багаж хэрэгслүүдээ цуглуулах зэрэг бэлтгэл ажлуудаа маш сайн хангах ёстой.
–Саяын хэлсэн бүхэн тань ардаа үнэ хөлс шаардана. Ингэхэд та ууланд гараагүй, бэлтгэл хийгээгүй үедээ юу хийж мөнгө олдог вэ?
-Би гэрэл зураг авах сонирхолтой. Хамгийн анхны камер маань төдийлөн чанартай эд байгаагүй. Гэрэл зураг сонирхохын хэрээр үнэтэй зургийн аппарат авах шаардлагатай болсон. Камер маань нэмэлт техник хэрэгсэлтэйгээ нийлээд 24 сая төгрөг орчмын үнэтэй. Тиймээс камераа хүмүүст түрээсэлж, түүгээрээ мөнгө олдог. Мөн хэд хэдэн уулын болон дугуйтай аялалд гарахын өмнө хүмүүсээс хандив авч байсан. Тэр бүхнийг мартдаггүй. Хүн юу ч хийхгүй, ямар ч зүйл бүтээгээгүй байж бусдаас хандив гуйх нь утгагүй хэрэг. Харин өөрийн хийсэн бүтээснээ олонд харуулж, хандив өгсөн хүмүүстээ эргээд талархал хүргэх хэрэгтэй. Ташрамд хэлэхэд Климанжаро ууланд гарсан амжилтын минь шагнал болох гэрчилгээгээ авсандаа баяртай байна.
-Таныг гэрэл зурагт ийм өндөр ач холбогдол өгдөг гэж бодсонгүй. Олон зураг дарсан байх. Түүгээрээ ирээдүйд зургийн цомог гаргах бодолтой байна уу?
-Аяллынхаа дурсгал болгож авсан зургууд бий. Гэсэн ч тэр болгон цахимд нийтэлдэггүй. Зурагнуудаа сайхан жаазлаад үзэсгэлэн гаргах бодол бий.
–Ярилцсанд баярлалаа. Таны дараа дараагийн аялалд амжилт хүсье.

0 cэтгэгдэлтэй