
Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ноос Фридрих-Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг хэмжиж, үндэсний хэмжээнд хэрэгжихүйц бодлогын зөвлөмж гаргах зорилгоор “Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021” судалгааг хийж, үр дүнгээ танилцуулав.
Энэхүү судалгаагаа нийслэл болон 21 аймгийг төлөөлөхүйц 1110 эмэгтэй хамруулан, 70 асуулттай асуумжаар түүвэрлэн авч, хэд хэдэн дэд сэдвийн хүрээнд дүгнэлээ.
Нэгдүгээрт, амьжиргаа, материаллаг хэрэгцээ сэдвийн хүрээнд эмэгтэйчүүдийн хуримтлалын асуудлыг авч хэлэлцэв. Судалгааны үр дүнгээр эмэгтэйчүүдийн 32.8 хувь нь буюу ойролцоогоор гурван хүн тутмын нэг нь тодорхой хэмжээний хуримтлалтай, 67.2 хувь нь огт хуримтлалгүй гарсан байна. Хуримтлалтай эмэгтэйчүүдийн 61 хувь нь дөнгөж нэг сараас дотогш хугацаанд өөрийн санхүүгийн эрсдэлийг даах чадамжтай гэж хариулжээ.

10 эмэгтэй тутмын 1 нь одоогийн боловсролын түвшиндээ сэтгэл хангалуун бус, дээшлүүлэх хүсэлтэй
Эмэгтэйчүүд өрхийн орлогын 43.4 хувийг бүрдүүлдэг боловч санхүүгийн шийдвэрийг бие даан гаргаж чаддаггүй, орлогын эх үүсвэр бага байна. Судалгаанд оролцсон гурван эмэгтэй тутмын хоёр нь сарын тогтмол зардлуудаа төлөхөд хүндрэлтэй байдаг гэсэн байна. Тиймээс эмэгтэйчүүдийг өөрийн гэсэн хуримтлалтай болох шаардлагатай. Ингэснээр жендерийн балансийг тэнцвэржүүлэх ач холбогдолтой хэмээн дүгнэжээ.
Хоёрдугаарт, боловсрол, эрүүл мэндийн талаар хийсэн судалгаагаар боловсролын байдалдаа 3 эмэгтэй тутмын 2 нь сэтгэл ханамжтай бол 10 эмэгтэй тутмын 1 нь одоогийн боловсролын түвшиндээ сэтгэл хангалуун бус, дээшлүүлэх хүсэлтэй хэмээн хариулжээ. Иймд эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндэд анхааран, өндөр боловсрол эзэмшүүлэх нь чухал байна. Улс орны хөгжлийг хүний хөгжлөөр хэмждэг. Ялангуяа техник технологи, улс төрийн мэдлэг эзэмшүүлэх нь чухал байна гэв.
Гуравдугаарт, Улаанбаатар хотод амьдарч буй эмэгтэйчүүдийн амьдрах орчны талаарх сэтгэл ханамж бусад бүсүүдтэй харьцуулахад 10 гаруй хувиар доогуур байгаа нь дэд бүтцийн хүртээмжгүй байдалтай холбоотой юм. Иймд дэд бүтцээ сайжруулах, илүү хүртээмжтэй болгох тал дээр анхаарах нь зүйтэй гэв.

0 cэтгэгдэлтэй