Э.Урантөгс: Худалдаачид хөдөлмөр эрхэлдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсье

               
2022-03-07 0

Монголын худалдаачдын холбоо ТББ-аас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Худалдаа эрхлэх нь хөдөлмөр эрхлэлт мөн үү” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Монголын худалдаачдын холбоо ТББ-ын тэргүүн Э.Урантөгс:

“Төр засгийн өндөрлөгүүдтэй худалдаа эрхлэгчдийн талаар орж уулзахаар та нар ажил хийгээч гэдэг. Худалдаа эрхлэлтийг ажил гэж үзэхгүй байгаа учраас 30 жил хуульгүй, бодлогогүй, худалдаа эрхлэгчдийг дэмжих сангүй явж ирлээ. Худалдаачид хөдөлмөр эрхэлдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсье. Биднийг хувийн хэвшил гэхээс илүүтэй ченж, дамлан наймаалагч гэдэг.  Худалдаачид наймаа хийхээ боливол юу болох билээ. Худалдаа, үйлдвэр хоёроо зэрэг хөгжүүлдэг гаднын жишээ олон бий. 30-50 насны эмэгтэйчүүд худалдаа эрхэлж байгаа шалтгаан нь ажлын байранд насны хязгаар тогтоосонтой холбоотой. Тиймээс энэ хүмүүс өнөөдөр амьдрахын тулд худалдаа эрхэлж байгаа хэрэг. Худалдаа үйлчилгээний салбарынхныг дамлан наймаалагчид гэж цоллож байгаа нь төр хуульгүй байгааг харуулж байна. Хэрэв бодлого зохицуулалттай байсан бол өнөөдөр тэр хүмүүс үнэ нэмж зарахгүй. Худалдаа эрхлэгчдийг дэмжих санг бий болгох хэрэгтэй.

Цар тахлын үед хамгийн хүнд нөхцөл байдлыг даван туулсан хүмүүс нь худалдаа үйлчилгээ эрхлэгчид байсан. Бизнес нь хаагдсан учраас дахиж үйлчилгээ эхлүүлэх санхүүгийн эх үүсвэр алга. Хувиараа нийгмийн даатгал төлдөг хүмүүсийг банк санхүүгийн байгууллага бүрэн хүлээн зөвшөөрдөггүй. Эх үүсвэр бий болгоё гээд банк, санхүүгийн байгууллагад хандахаар зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад байна, нэг бол барьцаа хөрөнгөгүй гээд өгдөггүй. Тэгээд өндөр хүүтэй өдрийн зээл авахад хүрдэг. Эргүүлээд төлж чадахгүй хүмүүс амиа хорлож байна. Саяхан бас залуухан хүн харамсалтайгаар амиа хорлочихлоо. Өглөөнөөс орой болтол ажиллаж байгаа ээжийн ард хүүхдүүд бий” гэв.

2022 оны гуравдугаар сарын 7. Монголын худалдаачдын холбоо ТББ-аас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Худалдаа эрхлэх нь хөдөлмөр эрхлэлт мөн үү” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ПҮРЭВДЭЛГЭР/MPA

Баянгол дүүргийн жижиглэн худалдаачин, инкубатор төвийг үүсгэн байгуулагч:

“Худалдаа эрхлэх нь хөдөлмөр эрхлэлт мөн үү гэдэг дээр төр засаг иргэн хоёрын хооронд маргаан гардаг. Зарлагаа давсан орлоготой байхын төлөө ажил хийж лангууны ард зогсож байгааг хөдөлмөр гэхгүй юм бол юуг хөдөлмөр гэх вэ? Үүнийг арилгахын төлөө 2018 оноос хойш явж байна.

Төр сэтгэл гаргавал уг нь болно. Жишээлбэл, Хархорин захын гадна гудамжинд зогсож байсан гэж шоовдорлогдоод орой бүр зурагтаар гарч өдөр болгон торгуулдаг байсан. 2017 оноос худалдаачид үзэл санаагаараа нэгдэж, төртэй хамтран инкубатор төв нээж, одоо 130 орчим худалдаачин түрээсийн төлбөргүй зөвхөн урсгал ашиглалтын зардлаар ажиллаж явна. Гэтэл одоо төр засагт байгаа хүмүүс харин шоовдорлогдсон хүмүүсийн амьдралыг гайгүй болгоё гэхээс илүү өөрсдийгөө бодоод байна.

Худалдаачин өмнө нь ч байсан, одоо ч байна, ирээдүйд ч байх болно. Монгол Улсын худалдааны бодлого 100% алдагдчихсан. Би хувьдаа худалдаа эрхэлж байгаа хүмүүсийг шоовдорлогдсон хүмүүс гэж бодож байна” хэмээсэн юм.

2022 оны гуравдугаар сарын 7. Монголын худалдаачдын холбоо ТББ-аас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Худалдаа эрхлэх нь хөдөлмөр эрхлэлт мөн үү” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ПҮРЭВДЭЛГЭР/MPA

Холбоотой мэдээ