Ч.Сосормаа: Эмэгтэйчүүд шийдвэр гаргах эрх мэдэлтэй байх ёстой

               
2022-03-07 0

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 25 жилийн ойд зориулсан Ч.Сосормаагийн “Хайрын өмнө хүлээсэн хариуцлага” номын нээлт өнөөдөр боллоо.

Тус арга хэмжээг “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-ын тэргүүн О.Энхтуяа болон УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар нээж үг хэлэв.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өдөрт дээд тал нь 150 мянга ирдэг байна. Үүнийг 365 хоногт үржүүлвэл жилд 60000 хүчирхийллийн дуудлага ирдэг гэсэн үг. Энэ бүхний ард маш олон эмэгтэйчүүд, хүүхдүүд гэр бүл, ажлын байрны дарамтанд орж, бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөн сэтгэлийн шарх авч байгаа. Ийм цөөхөн хүн амтай орны хувьд энэ нь маш харгис, бурангуй нийгэм байгааг илтгэж байна” гэв.

Өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэлгүй өөр хэн нэгнээр шийдүүлэх нь хүний эрхийн зөрчил болох юм

Хайрын өмнө хүлээсэн хариуцлага номын зохиогч, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал асан Ч.Сосормаа “Хүмүүс биднийг эрчүүдийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж харж байсан үнэндээ бид эрчүүдтэй бус хүчирхийлэл үйлдэж байгаа зан байдлынх нь эсрэг ажилдаг хүмүүс. Бид хүний эрхий төлөө тэмцэл хийдэг. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэл нь хүний эрхийн төлөө тэмцлийн нэг хэлбэр. Бид өөрийн гэсэн орон зайтай, эдийн засгийн эрхтэй,  шийдвэр гаргах мэдэлтэй байх ёстой.

Өөрийнхөө асуудлыг өрөө л шийдэж сурах хэрэгтэй. Хэрвээ өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэлгүй өөр хэн нэгнээр шийдүүлэх нь хүний эрхийн зөрчил болох юм. Үүний нэг нь гэр бүлийн хүчирхийлэл билээ. Энэ гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн хамгийн том зөрчилд хамаарна. Гэр бүлийн хүчирхийлэл бүх хэлбэрээр явагддаг тул маш аюултай харилцаанд тооцогддог. Сэтгэл санаа, бие махбод, санхүүгийн болон эдийн засгийн дарамт шахалт гэх мэт олон янзаар илэрдэг.

 Гэр бүл бол нийгмийн хамгийн үнэ цэнэтэй нэгж юм. Тиймээс бид гэр бүлдээ шийдвэр гаргаж чадах түвшинд байж гэмээн нийгмийн идэвхтэй амьдралыг бий болгож чадна.

 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бол эмэгтэйчүүд эвлэлдэн нэгдэж, нийгэмд дуу хоолойгоо  цуурайтуулах өдөр юм. Бид ямар нэгэн илүү эрхийг шаардаагүй, зүгээр л тэгш эрхийг  шаардаж байна. Улс төр, нийгэм эдийн засаг, гэр бүлийн оролцоонд үндсэн хуульд заасан тэгш эрхтэй байхыг л хүсдэг” гэв.

Тиймээс энэхүү ном нь жендерийн тэгш эрх буюу хүний эрхийн тухай бодит жишээн дээр суурилсан ном юм. Ялангуяа хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хүчтэй тэмцлийг харуулах юм байна.  

Холбоотой мэдээ