Сурвалжилга: Илүүдэл жингүй эртэч монголчууд илүү олуулаа болсоор

               
2022-03-10 0
Зургийн эх сурвалж: MPA

Биеийн тамир спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж буй.

Энэ хүрээнд хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1 хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлсэн. Энэхүү аян эхэлснээс хойш гурван долоо хоног өнгөрөөд буй. Тэгвэл өнөөдрийн байдлаар иргэд тус аянд аль зэрэг идэвхтэй оролцож буйг сурвалжиллаа.

-Гэртээ ганцаараа хийхэд үр дүн багатай. Заланд олуулаа хийх нь илүү дээр-

Үүрийн таван жингээр сэрсэн иргэд дасгал хөдөлгөөн хийхээр аймаг, дүүргийнхээ Биеийн тамир, спортын хороодыг зорьж буй. Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь Спортын төв ордонд иргэдийг дасгал хөдөлгөөн хийлгэж байгаа ба аян эхэлснээс хойш өдөрт 50-100 гаруй хүн тогтмол өглөөний дасгалд хамрагдаж байлаа.

Энэхүү аян иргэдэд хэр өгөөжтэй байгаа талаар иргэн Ж.Болормаагаас тодруулахад “Аян эхэлснээс хойш тасралтгүй ирж дасгал хийж байна. Өмнө өглөө эрт босож алхдаг байсан. Харин одоо энд ирж дасгал хийж байна. Хамт олноо ч уриалж байна.

Зарим хүмүүс гэртээ лайв үзээд хийхээр үр дүн багатай бол заланд очоод хийвэл илүү дээр. Тэр заланд цугласан бүх хүмүүс нэг командаар дасгал хийхээр ханьтай байх учраас эрүүл мэнддээ анхаараад өглөөний дасгал хийгээрэй гэж хэлмээр байна” гэв.

-Аймаг, дүүргийнхээ Биеийн тамир, спортын хорооны фэйсбүүк хуудаснаас дасгал хийх цэгүүдийн мэдээллийг авах боломжтой-

Аян эхэлснээс хойш иргэдийн идэвх, оролцоо аль зэрэг нэмэгдэж байгаа талаар болоод цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Биеийн тамир спортын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасантай ярилцлаа.

-“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян хэрэгжиж эхлээд гурван долоо хоногийн нүүрийг үзэж байна. Өдөрт хэдэн хүн өглөөний дасгалд хамрагдаж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 78,000 хүн аянд хамрагдсан байна. Фитнес клуб, спорт зал, усан бассейн зэрэг нийт 166 цэгт үйл ажиллагаа явж байна. Цэгүүдийн тоог олшруулах, хичээллэгчдийн тоог тогтворжуулах тал дээр анхаарч байна. Эхний хэдэн өдрүүдэд улсын хэмжээнд өдөрт 2000 орчим хүн дасгал хийж буй тооцоо гарч байсан бол энэ тоо нэмэгдсээр өдөрт 9000 хүн дасгал хийдэг болсон. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна.

Аяны үр дүнд хүмүүс эрт сэрэх дадал хэвшилтэй болж байна. Өнгөрсөн хугацаанд буюу ковидын хөл хорионы үед ихэнх хүмүүс шөнийн 12.00 цагийн үед унтдаг болсон бол одоо эргээд энгийн амьдралын хэв маягт шилжин эрт унтаж эрт сэрдэг болсон байна.

-Дасгал хийх боломжтой спорт залуудын мэдээлэл иргэдэд төдий л хангалттай хүрч чадахгүй байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр есөн дүүргийн нэг нэг байршил л олдож байгаа юм. Цэгүүдийн мэдээллийг иргэдэд хэрхэн хүргэж байна вэ?

-Цэгүүдийн мэдээллийг тухайн аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын хороод фэйсбүүк хуудас дээрээ өдөр бүр байршуулж байгаа. Бүх цэгүүдэд өглөөний дасгал 06.30-07.30 цагийн хооронд үргэлжилж байгаа. Тиймээс иргэд тухайн аймаг дүүргийнхээ БТСХ-ны пэйж хуудсыг дагаж, тэндээс мэдээлэл авах боломжтой.

-Иргэдийн зүгээс цагийг хуваарийг хэрхэн үнэлж байна вэ?

-Бид анх 06.00-07.00 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөж байсан. Гэсэн боловч хөдөө, орон нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу 06.30-07.30 цагийн хооронд болгож өөрчилсөн. Дийлэнх иргэд энэ цагийн хуваарьт сэтгэл хангалуун байгаа. Мэдээж хүн бүрт тааруулж цагийн хуваарь гаргах боломжгүй.

Харин иргэдийн зүгээс хамгийн их ирүүлж буй хүсэлт нь өглөө эрт ажилладаг кофе шоп, дэлгүүр хоршоо, иргэдэд үйлчилдэг төвүүдийг эрт нээх тал дээр биднийг анхаарч ажиллахыг хүсэж байгаа. Энэ дагуу бид холбогдох байгууллагууд руу хүсэлт тавин ажиллаж байна.

-Энэхүү аян зургадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх хуваарьтай. Үлдсэн хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Удахгүй дулаан орохоор гадаа дасгал хийх боломжтой болно. Энэ үеэр томоохон хотхонуудын гадаа үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа. Мөн өглөө алхдаг иргэдээ дэмжиж ажиллахаар зорьж байна. Сонгинохайрхан уул, Баянзүрх хайрхан, Чингэлтэй уул, Богд уулруу алхдаг иргэд олон байна. Тэдгээр иргэддээ зориулж алхалтын үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран мэргэжлийн зөвлөмжүүдийг өгч ажиллана.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

No photo description available.
No description available.
No description available.
No description available.
No description available.
No photo description available.
May be an image of 5 people and bicycle
No photo description available.
May be an image of 1 person
May be an image of 4 people
May be an image of text

Холбоотой мэдээ