“ТЭРБУМ МОД-ДОРНОГОВЬ АЙМАГТ” ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

               
2022-03-03 0

Дорноговь аймаг нь байгаль-цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, экосистемийн хувьд эмзэг бүс нутагт хамаардаг бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хөрс, бэлчээр доройтон цөлжиж, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ жил бүр нэмэгдэж байгаа нь нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал болж байна.

Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөс 10,2 хувь нь нэн хүчтэй, 43,4 хувь нь хүчтэй, 32,2 хувь нь дунд зэрэг гэсэн үзүүлэлттэй байгаа тул цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн агро-ойн аж ахуйг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэдэд мод тарих соёлыг төлөвшүүлэх нь хамгийн бодит үр дүн болно гэдгийг онцлон тэмдэглэж байна. Зөвлөгөөний нээлтийн үеэр аймгийн Засаг дарга О.Батжаргал мод тарих хөдөлгөөн нь зөвхөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлаас гадна аймгийн иргэд тодорхой түвшинд ажил орлоготой болох боломж гэдгийг дурдлаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Дорноговь аймаг нэгдэж 20 сая мод тарихаар амлалт өгч, гэрээ байгуулсан. Энэ хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймгийн 200 орчим хүн байнгын, 5000 мянган орчим хүн түр ажлын байраар хангагдах боломжтой гэж үзэж “Эко баялаг-Эко бизнес” уриан дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх аймгийнхаа зөвлөгөөнийг зохион байгуулж нийт 200 гаруй хүн оролцож байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дараах гурван үндсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:

1.Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, газрын доройтлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх, заган ойн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, ойн аж ахуйн чадавхыг бэхжүүлэх

2. Цөлжилттэй тэмцэх, хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах, ногоон эдийн засаг, дэд бүтцийн чадавхыг дээшлүүлэх, хүнсний хангамжийг сайжруулах хүрээнд авто зам, төмөр зам, хүнд үйлдвэрийн газар, тариалангийн талбай, төв суурин газруудад хамгаалалтын ойн зурвас байгуулж агро ойжуулалтыг хөгжүүлэх,

3. Хот, суурин газрын агаар, ус, хөрсний бохирдол болон экосистемийн доройтлыг бууруулах, хүнд ээлтэй амьдрах орчныг буй болгох, хот, суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг болно.

Холбоотой мэдээ