Товчхон
               

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат: “ДАРААГИЙН ХӨГЖЛИЙН ГАРЦ НЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”

               
2022-03-05 0

“Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын анхдугаар форум Дундговь аймагт болж байна. Үйл ажиллагааны үеэр Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат: “Энэ жил Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд хийж буй томоохон ажлын нэг нь “Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын анхдугаар форум юм. Форумын хүрээнд Дундговь аймагт аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, ямар нөөц боломж байгаа зэрэг асуудлаар хэлэлцэхээр аялал жуулчлалын чиглэлийн мэргэжилтнүүд, экспертүүд, тус чиглэлээр бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичиг болон холбогдох мэргэжилтнүүд зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байна.


Манай аймаг мал аж ахуйд суурилсан эдийн засагтай бөгөөд дараагийн хөгжлийн боломжийг аялал жуулчлал гэж харж байна. Өнөөдрийн форумын үр дүнд Дундговь аймагт аялал жуулчлал түлхүү хөгжсөнөөр тэндээс олох орлогыг хэрхэн тодорхойлох, цаашид өргөжүүлж, хөгжүүлэх тал дээр шинэ санал, шийдлүүдийг гаргаж ирэх юм. Түүнчлэн байршлын хувьд Улаанбаатар хоттой ойр бөгөөд богино эргэлтийн маршрут гаргаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэж харж байна.


Манай аймаг нь өв соёлын өлгий нутаг төдийгүй эртний түүхт дурсгалт газрууд, түүхийн олдвор ихтэй, байгалийн үзэсгэлэнт газрууд, айраг, мах зэрэг органик хүнсний бүтээгдэхүүнээрээ алдартай юм. Бид дээрх онцлогуудаа болон гар урлал, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг аялал жуулчлалтайгаа уялдуулж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаар түлхүү судалж байна” гэв.
 
 

Холбоотой мэдээ