Товчхон
               

Шадар сайд С.Амарсайхан Орхон аймагт ажиллаа

               
2022-02-25 0

  Эрдэнэт Медипас эмнэлгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын мэдэлд буцаан авч Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Дээрх шийдвэр гарсантай холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа.        

Ажлын хэсгийн гишүүн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл шийдвэрийн тогтоолыг  уншиж танилцуулсан юм. Түүнчлэн Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан тус эмнэлгийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болгох төлөвлөгөө байгаа гэдгийг танилцуулж төрийн өмчид шилжсэн хэдий ч  эмнэлгийн үйл ажиллагаа бүх шатанд хэвийн үргэлжилнэ гэдгийг онцоллоо.         

Ингэснээр 2015 онд 69.5 тэрбум төгрөгөөр барьсан “Эрдэнэт медипас” эмнэлэг болон 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмжийг төрийн өмчид шилжүүлэн авах үйл ажиллагаа газар дээр нь хийгдлээ.          

Мөн 2017 оны Засаг даргын А/02 захирамжаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэр дээр байсан 3га газрыг тус эмнэлэгт эмчилгээ оношилгооны төвийн зориулалтаар ашиглуулах захирамж гарсан байдаг. Энэхүү газрыг төрийн өмчийн газрын тогтоолыг үндэслэн буцаан “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т шилжүүлэхийг аймгийн Засаг дарга С.Батжаргалд үүрэг болголоо. “Эрдэнэт Медипас” эмнэлэг нь одоогийн байдлаар 120 гаруй эмч, ажилтантай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай ажээ. 

Холбоотой мэдээ