
“The Voice of Mongolia” шоуны оролцогчдоос анх удаа охидын хамтлаг төрөн гарсан нь Г.Саруултуяа, Н.Энэрэлсайхан нарын бүрэлдэхүүнтэй NS хамтлаг юм. Нэвтрүүлгийн шүүгч, дасгалжуулагч Д.Болдын “B production”-нд харьяалагдаж буй эл хамтлаг “Feeling high” нэртэй анхны бие даасан цомгоо гаргалаа. Мэдээж уг цомгийн ерөнхий продюсерээр Болд ажилласан байна.
Цомог нь албан ёсоор нээлтээ хийгээгүй ч онлайн дэлгүүрүүдээр аль хэдийн зарагдаж эхэлжээ. Apple Music, Spotify & Deezer мөн shoppy.mn-ээс захиалаад гэртээ хүргүүлэх боломжтой.
Тэд энэхүү цомгоо хөл хорионы өдрүүдэд хийж дуусгажээ. Хатуу хөл хорио тогтоосон өдрүүдэд хүмүүсийн ихэнх нь гэртээ байсан бол “B production”-ны хамт олны хувьд ид ажилтай байсан гэнэ.
Жил гаруй хугацаанд бүтсэн цомог нийт найман дуутай бөгөөд дөрвөн дууныхаа үгийг өөрсдөө бичсэн байна. Тэдний дууны үг дээр Nene, Ria, Амараа гэх мэт уран бүтээлчид давхар ажиллажээ.
Энэ хугацаанд тэд гурван ч дуугаа дүрсжүүлээд амжсан байна. Эхний клипний стилистээр Кадр, хоёрдох клипэн дээр нь “Grow entertainment” ажилласан байна. Ийнхүү “The Voice of Mongolia” шоуны анхны охидын хамтлаг гурван клип, нэг цомогтойгоор урлагийн карераа үргэлжлүүлж байна.

0 cэтгэгдэлтэй