
Зургийн эх сурвалж: MPA
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ардчилсан намын даргын шинэ сунгаанд нэр дэвшихгүй болсон талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ардчилсан нам сүүлийн хоёр жилийн хугацаанд сөрөг хүчний үүргээ биелүүлж чадаагүй, дотоодын хагарал улам гүнзгийрсэн. Сүүлийн өдрүүдэд АН-ын төлөөллийн төв байгууллагууд хуралдаж, АН-ын даргын сунгааг, мөн ирэх дөрөвдүгээр сарын 7-нд Их хурлаа зарлаж байна. Их хурлаараа шинээр сонгогдсон даргаа ёсчлон батламжилж, Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.
Зөрчил, талцлын зөрүү ойлголтууд засагдаж, Ардчилсан нам нэгдмэл, нэгдсэн байгаа юм байна гэдгийг Улсын дээд шүүх нотолж, иргэд, гишүүд ч ойлгож байна. Хууль, шүүхийн тусламжтайгаар шинэ зарлагдаж буй сунгааны үр дүнгээр Ардчилсан намын асуудал нэг талдаа шийдэгдэх нь цаг хугацааны асуудал болсон.
Гэвч бидэнд амьдрал дээр нэгдлээ бодит, намаа бүтэн болгох шаардлага, даалгавар байна. Асуудал бүхний өмнүүр орж, арга болгоны эвийг олж, намаа бүтэн болгох гэж өнгөрсөн 1 жилийн хугацаанд анхан, дунд шатны нам, намын гишүүдтэйгээ тулж ажилласан “үнэмлэхүй” давуу тал бий учраас миний бие энэхүү сунгаанаас нэрээ татаж, бусдадаа боломж олгоё. Ялдаг, эрх барьдаг, хуваагдалгүй нам байхын тулд, эгэл жирийн 200 мянга гаруй гишүүдийнхээ эрх ашгийн төлөө энэхүү шийдвэрийг гаргаж буйг эрхэм гишүүд, дэмжигчид та бүхэн минь ойлгон, хүндэтгэн хүлээж авна уу.
Ардчилсан намын цэнхэр батлахыг энгэртээ хадгалж яваа хэн бүхэнд хандаж энэ сунгаагаа нийлж хийгээд дүрмийн дагуу сонгогдсон даргаа цугаараа тойроод дараагийн сонгуульдаа амжилттай оролцоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж буйг минь хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэж байна. Цаашид Ардчилсан намынхаа үйл хэрэгт урьдын адил идэвхийлэн оролцож, Монголын ардчиллыг БҮТЭН болгохын төлөө, Монголын Ардчилсан намыг БҮРЭН ЯЛУУЛАХЫН төлөө өөрөөс хамаарах бүхнээ хийж ажилласаар байх болно” гэв.

0 cэтгэгдэлтэй