Сэлэнгэ аймаг тарьц суулгац нийлүүлэгч аймаг болно

               
2022-02-25 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг 20 сая мод тарьж, “Тарьц суулгац нийлүүлэгч” аймаг болох зорилт тавин 21 аймгаас анхлан “Нэг тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөнөө зохион байгууллаа. Энэхүү үндэсний хөдөлгөөнийг мэргэжлийн удирдлага, арга зүй, туршлага дор хэрэгжүүлж амжилтад хүрэхийн төлөөх том зорилтыг Сэлэнгэчүүд өмнөө тавиад ажиллаж байна.  

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 8 сая суулгац бэлэн байна. Энэхүү ажлын хүрээнд аймагт хариуцлагагүй уул уурхайгаас үүдэн эвдэрч сүйдсэн 2000 га талбайг Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр нөхөн сэргээнэ гэдгийг зөвлөгөөнд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөллүүд хэлж байв.

Сэлэнгэ аймгийн Ойн сангийн талбай 1931.2 мянган га, үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 1441.0 мянган га, байгалийн ой 1397.4 мянган га, ойгоор бүрхэгдээгүй ойн талбай 406.6 мянган га эзэлдэг .

Зөвлөгөөний үеэр Мандал сумын Түнхэл тосгоны иргэн С.Раднаабазарын сэтгэгдлийг сонслоо. Тэрээр:”Энэ бол мод тарьж ургуулдаг, чаддаг хүмүүст маш том боломжийг нээж өгч байна. Аймгуудаас хамгийн түрүүнд Сэлэнгэ аймаг зөвлөгөөнөө хийж, тарьц, суулгац нийлүүлдэг аймаг болох зорилтоо тодорхойллоо. Боломж бий. Модны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мод үржүүлгийн газартай олон компани, ойн нөхөрлөлүүдтэй, Тужийн нарсаа нөхөн сэргээж чадсан. Дээр нь аймгийн засаг дарга Н.Лхагвадорж ой модыг хамгаалах, тарьж ургуулах ажлын зовлон, жаргалыг сайн мэднэ. Тэгэхдээ хүн болгон, аймаг бүр л энэ боломжийг ашиглах юм сан гэж бодож байгаа. Энэ ажлыг хамгийн сайн хийж чадсан нь шалгарч үлдэнэ. Шалгарч үлдэн, тарьц суулгац нийлүүлдэг аймаг болохын тулд эхний ээлжинд:

-Цаг алдалгүй маш сайн үрийн нөөцтэй болох. Мод болгон янз бүрийн хугацаанд үрээ өгдөг. Ялангуяа нарсны үр түүх хугацаа дуусах гэж байна. Боргоцойноос үр гаргаж авах Боргоцой цехүүдийг бүсийн ойн ангиудыг түшиглэн байгуулах. Боргоцой түүлгэх ажлын урамшуулал хөлсийг яаралтай шийдэн хийлгэх,

-Мод тарьж ургуулна гэдэг хэн хүссэн болгоны хийгээд байдаг амар ажил биш. Мод үржүүлгийн газруудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах. Аймгийн БОА, Ойн анги, Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэдэг их, дээд, тусгай мэргэжлийн сургуулиудтай гэрээ байгуулж, мод үржүүлгийн газруудад дадлага хийлгэн, мэргэжлийн чадварлаг ажиллагсадтай болох,

-Мод үржүүлгийн газруудыг эхний ээлжинд бага оврын машин техникээр хөнгөлөлттэй нөхцөлөөр хангахад аймаг, яамны зүгээс анхаарч, хөл дээрээ зогстол нь бодлогоор дэмжиж туслах,

-Тарьж ургуулсан тарьц суулгацаа зах зээлд борлуулахад нь бодлогоор дэмжин, мод үржүүлгийн газрууд хангалттай нөөцтэй болсон үед гадаадаас тарьц суулгац оруулдаг явдлыг бүрэн зогсоож, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй гэсэн үнэтэй саналуудыг хэллээ.

Холбоотой мэдээ