Товчхон
               

Төв аймгийн ахлах ангийн сурагчид цэргийнхний нэг өдөртэй танилцлаа

               
2022-03-01 0

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан хүүхэд багачуудад цэрэг-эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх, эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, цэрэг дайчдын үйл ажиллагааг танилцуулах зорилгоор Төв аймгийн Зуунмод сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын нэг өдрийг зохион байгууллаа.

Энэ өдөр сурагчид Хуурай замын цэргийн командлал болон Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн үйл ажиллагаатай танилцан, дайчин алдрын танхим, сургалтын дадлагын хотхоноор зочилж, хугацаат албаны дайчидтай яриа өрнүүллээ.

Мөн бэлтгэл хурандаа Б.Нямхүү сурагчдад “Эх оронч үзэл, хүмүүжил” сэдвээр сонирхолтой лекц тавьж, үргэлжлүүлэн цэргийн алба хаагч болон сурагчдын хамтарсан урлагийн тоглолтыг нэгтгэлийн бүрэлдэхүүнд толилуулсан юм. Сурагчдын сэтгэлд тод дурсамж үлдээсэн өөр нэг арга хэмжээ нь хугацаат цэргийн алба хаагчидтай хамт 3000 метрийн гүйлтийн уралдаан байв. Уралдаанд хугацаат цэргийн алба хаагчид манлайлж, сурагчид тэднээр бахархаж буйгаа уламжилж байлаа.

Үргэлжлүүлэн цэрэг, эх орны сэдэвт шүлгийн уралдааныг зохион байгуулахад “Хүмүүн” цогцолбор ахлах сургуулийн 11а ангийн сурагч С.Мягмарсүрэн тэргүүлж, V дунд сургуулийн 11б ангийн сурагч Б.Цолмон, “Хүмүүн” цогцолбор ахлах сургуулийн 10б ангийн сурагч Б.Цэнгүүнбаяр нар удаах байруудад шалгарав.

Энэ үеэр сурагчдын сэтгэгдлийг сонсоход “Эх оронч үзэл, итгэл үнэмшилтэй, эх орон, тусгаар тогтнол, түүх, эх хэл, өв соёлоороо бахархах төлөвшилтэй байх нь манай улсын маш том дархлаа юм. Дарга, цэрэггүй, хөгшин залуугүй л энэ дархлаагаа мэддэг байх ёстой. Өнөөдрийн арга хэмжээ нь цэргийн ах, эгч нарынхаа ажил үйлсээр бахархах, тэднийг хүндэтгэн хайрлах сэтгэгдлийг бидэнд үлдээлээ. Ялангуяа монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзлийг төлөвшүүлж чадлаа” гэсэн юм.

Холбоотой мэдээ