Товчхон
               

Олон Улсын Монголч эрдэмтдийн XII их хурлыг Улаанбаатар, Хархорум хотод зохион байгуулна

               
2022-03-11 0

1959 оноос хойш 5 жил тутам зохион байгуулж ирсэн Олон Улсын Монголч эрдэмтдийн XII их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ жил Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн 860 жилийн ойн хүрээнд Улаанбаатар болон Эзэнт гүрний нийслэл Хархорум хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өчигдөр Монгол судлалыг хөгжүүлэх бодлого үндэсний хэлэлцүүлэг болсон байна. Монгол Улсын Засгийн газраас “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2012-2016 болон 2018-2021 онд тус тус хоёр удаа батлан хэрэгжүүлсэн. Мөн Монгол Улсын хөгжлийн дунд, урт хугацааны бодлого, хөтөлбөрүүдэд Монгол судлалыг хөгжүүлэх асуудлыг тусган хэрэгжүүлж байна. 

Үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр Монгол судлалын бодлого, хэрэгжилтийн үйл ажиллагаа нэгдмэл зохион байгуулалттай байж, монгол судлаачид, монголч эрдэмтдийн судалгааны хамтын томоохон бүтээлүүд гарах нөхцөл хангагдан, эрдэм шинжилгээний хурал, бүтээлүүдэд чанарын ахиц гарч энэ салбар эрчимтэй хөгжих, илүү өргөжих бодит суурь тавигджээ.

Монгол судлалын ай савд хамаарах шинжлэх ухааны салбар чиглэлийг өргөжүүлэх, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг тэлэхэд бид анхаарах хэрэгтэй. Монгол судлалын хүрээнд хэл, түүх, соёлын уламжлалт салбараас гадна археологи, антропологи, нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүйн орчин үеийн чиг хандлагыг хамруулж, илүү том зургаар харах нь чухал байна  гэж БШУЯ-наас мэдээлэв.

БШУЯ болон Монгол судлалын үндэсний зөвлөлийн санал санаачилгаар Монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны зардлыг өмнө нь байгаагүй хэмжээгээр батлан дэмжсэн нь салбарын хөгжил дэвшил гаргах таатай боломжийг бүрдүүлж байна. Цаашид бид Монгол судлалын судалгааны цар хүрээг бүс нутгийн түвшинд гаргах, уялдаа холбоог сайжруулах, улс орноо гадаад ертөнцөд зөв таниулах, нийгэм, эдийн засгийн хөгжилд шинжлэх ухааны үндэслэлтэй шинэлэг санааг тусгах нь чухал ач холбогдолтой юм. Хэлэлцүүлгийн үеэр Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлд баримтлах үндэсний хөтөлбөрийн бодлого, үйл ажиллагааны талаарх санал шүүмжийг оролцогчид хэллээ.  

Эх сурвалж: БШУЯ

Холбоотой мэдээ