
Гэрэл зургийг: mpa.mn
Төрөөс эмийн талаар баримтлах бодлого (ТЭТББ)-ыг 2014 онд УИХ-аас баталж, 2018 он хүртэл дорвитой хэрэгжүүлнэ гэж тохирчээ. Улмаар ЗГ, ЭМЯ-наас тушаал шийдвэр баталснаар хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ч болсон байна.
УИХ бол хууль тогтоох дээд байгууллага бөгөөд баталсан бодлогын бичиг баримт нь хүртэл хууль гэсэн үг билээ. Үүний дагуу гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар үйл ажиллагаагаа төлөвлөнө, ЭМЯ ч уг төлөвлөгөөнийх нь дагуу бодит хэрэгжилтийг хангаж ажиллах учиртай. Монгол төрийн ажиллах зарчим нь ердөө энэ. Зарчмын дагуу 2014 оны ТЭТББ-ыг Засгийн газрын бүрэлдэхүүн ЭМЯ нь 4 жилд хэрхэн хэрэгжүүлэхээ төлөвлөгөөгөөр баталж, ажил эхэлжээ…
Үндэсний аудитын газраас явуулсан саяхны хяналт, шалгалтаар уг бодлогын хэрэгжилт туйлын хангалтгүй байсныг тайлагнав. Уг шалгалт нь 2018-2020 оны хугацааны хэрэгжилтэд хийсэн шалгалт болохыг цохон тэмдэглэе. Энэ хугацаа нь үндсэндээ Д.Сарангэрэл сайдын ажиллаж байсан үеийг хамарч байна.
Яагаад ТУЙЛЫН ХАНГАЛТГҮЙ байсныг асуудлуудынх нь
ноцтой байдлаар эрэмбэлэн авч үзье.
1. УИХ-аар баталсан бодлогыг ЭМЯ-ны удирдлагууд хүчингүй болгожээ
2017 онд Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэг ажиллаж байхдаа “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг УИХ-аар батлуулжээ. Энэ дагуу зарим давхардлыг арилгах зорилгоор –“Эмийн талаар баримтлах бодлогын төлөвлөгөө”-г 3 сарын 6-ны А/81 тушаалаар хүчингүй болгосон байна. Гэхдээ энэ нь бүр мөсөн зогсоолоо гэсэн үг биш бөгөөд Эрүүл мэндийн бодлогын төлөвлөгөө рүү шилжүүлж байгаа л хэрэг гэж ойлгох нь зүйтэй.
Ингээд 2017 оны 9 дүгээр сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан ба А.Цогцэцэгийн ажлыг Д.Сарангэрэл хүлээн авлаа. Ийнхүү 2018 оны 4 сарын 2-нд ЭМЯ-ны Удирдлагын зөвлөл хуралдаан болох үеэр дараах шийдвэрийг гаргасан байна:
“УИХ-ын 2014 оны 57 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг хүчингүй болгохыг Бодлого төлөвлөлтийн газар (Р.Оюунханд)-т үүрэг болгосон”
Хамгийн эхэнд дурдсанчлан УИХ-аар баталсан баримт бичгийг Засгийн газар ч, салбарын яам ч хүчингүй болгох эрхгүй. Хэдийгээр сайд нь өөрөө УИХ-ын гишүүний “давхар дээлтэй” байлаа ч болохгүй. Гагцхүү парламентын шийдвэрийг парламентын санал хураалтаар л цуцлах боломжтой гэдгийг энд дахин сануулъя.
2. Орон тоог 52 хүнээр нэмэгдүүлсэн ч хэрэгцээт лабораториуд нь орхигдсон

Эмийн зохицуулалтын чиг үүрэгтэйгээр “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар” гэх нэрээр ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг байгуулсан. Энэ нь бодлогын хэрэгжилтийн хувьд сайн хэрэг. Анх баталсан орон тоо нь 80 байсан ба эмийн хяналтын чиглэлээр ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон бусад холбогдох газруудад ажиллаж байсан 82 хүнээр агентлаг бүрдүүлжээ. Улмаар Засгийн газар 2021 оны 378 дугаар тогтоолоор 132 болгож 52 орон тоо нэмэгдүүлжээ. Ийнхүү бүтцийг томруулсан хэрнээ бүтцэд заасан химийн, микробиологийн, уламжлалт эм, эмийн ургамлын лабораториуд нь байгуулагдаагүй хоцорчээ.
3. Эмийн хяналт, бүртгэлийн үйл ажиллагаа хэлбэр төдий явж байна

Монгол улсын эмийн бүртгэлийн үйл ажиллагаа 1994 оноос эхэлсэн гэнэ. Хожим Хүний эмийн зөвлөл нь шинээр хэрэглэж буй эмийг хянан бүртгэж, “Licemed” программд оруулдаг байна. Бүртгэлд оруулж, зөвшөөрөхийн тулд эм тус бүрийн эмнэл зүйн өмнөх судалгаа, туршилтын дүн, гаж нөлөөг судлан хэлэлцэх журамтай аж. Аудитын тайланд хамрагдсан хугацаанд Монгол Улсад анх удаа бүртгэгдсэн импортын 277 шинэ эмийн бүртгэл хийхдээ эмнэлзүйн судалгааны үр дүнг харгалзаагүй байна.
4. Эм бүртгүүлэгч байгууллага тайлангаа бүрэн ирүүлж, хэлэлцүүлдэггүй

Нэгэнт эмийн бүртгэл хийлгэж, зөвшөөрөл авсан байгууллагууд нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд хугацаа сунгуулах зөвшөөрөл авах нь зүйн хэрэг:
– 2018 онд нийт 596 эмийн бүртгэлийн хугацаа сунгаснаас 518-ыг (86.9%),
– 2019 онд нийт 703 эмийн бүртгэлийн хугацаа сунгаснаас 664-ийг (94.5%),
– 2020 онд нийт 647 эмийн бүртгэлийн хугацаа сунгаснаас 595-ыг (92%) тус тус эмийн аюулгүй байдлын тайланг Хүний эмийн зөвлөл болон Эм судлалын салбар зөвлөлөөр хэлэлцүүлээгүй байна.
Эм бүртгэгч болон бүртгүүлэгч байгууллага үүргээ хэрэгжүүлээгүй, эмийн аюулгүй байдалд тавьж байгаа хяналт, чанарт хийж байгаа судалгаа хангалтгүй байгааг харуулж, хүн амыг чанартай, аюулгүй эмээр хангах зорилт үр дүнд хүрэхгүй байх эрсдэлтэй байна.
Биологийн идэвхт бүтээгдэхүүний талаарх иргэдийн мэдлэг, мэдээлэл хангалтгүй, олон нийтийн сүлжээ, арилжааны телевизээр дамжуулж сүлжээний бизнесийн бүтээгдэхүүн болгон сурталчлах, тээвэрлэлт, хадгалалтын горим зөрчигдсөн бүтээгдэхүүнийг аграас гарт худалдах байдал түгээмэл байна. Хүний эмийн зөвлөл нь биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн ажлын тайланг жил бүр хэлэлцэж, үнэлэлт өгөх ёстой ч ажил нь хийгдээгүй аж.
5. Эм зүйн салбарын статистик үзүүлэлтүүд зөрүүтэй, бодитой бус
Хяналтын чиг үүрэгтэй байгуулагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) ажлаа хангалтгүй хийж байна уу, эсвэл бусад байгууллагад дутагдал байна уу гэмээр тоон статистикийн зөрүү асар их байна. Тухайлбал,
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН БОРЛУУЛАЛТЫН ДҮН:
2018 | 2019 | 2020 | |
ЭЭХХЗГ-ын мэдээлэл: | 42.1 тэрбум | 50.1 тэрбум | 65.1 тэрбум |
Борлуулагчдын татварт ирүүлсэн тайлан: | 80 тэрбум | 85.4 тэрбум | 124.1 тэрбум |
ЗӨРҮҮ: | 37.9 тэрбум дутуу | 35.3 тэрбум дутуу | 59 тэрбум дутуу |
2018-2020 ОНЫ ЭМИЙН ИМПОРТЫН МЭДЭЭЛЛИЙГ ГААЛИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭТЭЙ ХАРЬЦУУЛАХАД:
ЭЭХХЗГ-ын мэдээлэл: | 2018 | 2019 | 2020 |
10.2 тэрбумаар доогуур | 66.3 тэрбумаар доогуур | 88.7 тэрбумаар доогуур |
Статистик, тоон мэдээ зөрж байна гэдэг нь мэдээлэл бүрэн бус гэсэн үг. Мэдээлэл бүрэн бус байгаа нь хяналт тавьж чадахгүй байгаагийн нотолгоо болно.
6. Төрөөс үндэсний эмийн үйлдвэрлэлийг дэмжих үр нөлөөтэй бодлого хэрэгжүүлээгүй

Улсын хэмжээнд 44 аж ахуйн нэгжид эмийн 26, биологийн идэвхт бүтээгдэхүүний 11, уламжлалт эмийн 6, шахмал, капсул, үрлэн эмийн 5, тарилгын шингэний 4, протезийн 3, ариутгал халдваргүйтгэлийн бодисын 3, эмнэлгийн хэрэгслийн 5 тусгай зөвшөөрөл олгосон байдаг аж. Эдгээрээс 31 үйлдвэр нь 2018-2020 оны хооронд нийт 163 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсний 157.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Борлуулалтын 78.1 хувь нь европ эм, 14.8 хувь нь эмнэлгийн хэрэгсэл, 3.6 хувь нь биологийн идэвхт бүтээгдэхүүн эзэлжээ.
2020 онд Монгол Улсын зах зээлд нийлүүлсэн 600.9 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийн 11.1 хувь буюу 66.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, дотоодоос зах зээлийн эрэлтийн дөнгөж 10 хувийг л хангаж байгаа нь Төрөөс энэ салбарт дэмжлэг үзүүлнэ гэж бодлогын баримт бичигт тусгасан ч хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэх үзүүлэлт юм.
7. Монголчууд олон улсын жишгээс 2.2 дахин өндөр үнээр эм хэрэглэж байна

Эрүүл мэндийн яам 2012 онд зах зээл дэх эмийн үнийг олон улсын жишигтэй харьцуулахад хамгийн багадаа 2.24 дахин өндөр байжээ. Тэгвэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2018 онд судалж үзэхэд мөн адил үр дүн харуулсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эмүүдээс хамгийн өндөр санхүүжилт авдаг артерын даралт бууруулах 6 эмийн үнийг олон улсын судалгааны MSH байгууллагаас гаргасан медиан үнэтэй харьцуулахад 5.4-15.6 дахин өндөр байна.
Түүнчлэн гаалийн мэдээнд тулгуурлан үзэхэд зах зээлд худалдаалагдаж буй эмийн үнэ хилээр орж ирж буй үнээсээ 10-82 хувиар өндөр байгаа нь хэрэглэгчдэд үнийн дарамт учруулж байгаа аж.
8. Бодлогын шинэчлэлээ уялдуулж чадаагүй нь
Ахлах аудитор Б.Батдэлгэр, аудитор Б.Булган, М.Өлзиймягмар, Э.Уянга нарын хянан шалгаж, боловсруулсан энэ тайланд бичсэнээр ТЭТББ нь урт болон дунд хугацааны бодлогын бусад баримт бичигтэй уялдаагүй аж. Тухайлбал, хэрэгжүүлэх хугацаа, хүрэх түвшин, шалгуур үзүүлэлт нь хангалтгүй гэжээ. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 баримт бичигтэй хэрэгжилтийн хугацаа зөрж байсан бол Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого (ТЭМТББ)-той хэрэгжих ажиллагааны хувьд олон дутагдал гаргаж, дараах арга хэмжээг үргэлжлүүлэхээр тусгаагүй байна:

Энэхүү тайлан нь хураангуйлсан мэдээлэл бөгөөд 17 хуудаснаас бүрдэж байна. today.mn дээрх хураангуй тайлангаас асуудлыг эрэмбэлж, уншигчдадаа бэлтгэн хүргэлээ. Уг нийтлэлд тусгагдаагүй олон асуудал, санал, шүүмж, дүгнэлт байгааг тэмдэглэе. Хэрэв та дэлгэрэнгүй уншихыг хүсвэл ЭНД ДАРЖ тайланг татаж авч болох юм.
Today.mn

0 cэтгэгдэлтэй