
Завхан аймгийн Тэс сумын Соёлын төвийн дэргэдэх номын сан нь 2300 гаруй иргэнд 4000 гаруй номоор үйлчилжээ.
“Манай номын сан нь цахимаар болон танхимаар үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар номын сангийн карт бүхий 2037 иргэнд ном уншлагын танхимын үйлчилгээг хүргэж байна. Энэ жил 32 ширхэг уран зохиолын болон танин мэдэхүйн номыг худалдан авч, 5100 гаруй номыг хандиваар хүлээн авч номын фондоо баяжуулаад байна. Өдгөө танин мэдэхүй, гадаад дотоодын уран зохиолын, шинжлэх ухааны болон сонин сэтгүүлийн 9800 гаруй номын фондтой. Цар тахлын үед иргэдэдээ хүрч үйлчлэхээр цахимаар номыг олгож, хүргэсэн. Энэ үед халдвар хамгааллын дэглэмийг баримталж цахимаар болон танхимаар нийт 2400 орчим хүнд 5100 гаруй номыг олгож үйлчилжээ. Мөн олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан 180-аад төрлийн 250 гаруй мэдээ мэдээлэл, уншлага үйлчилгээг иргэдэдээ үзүүлжээ гэж” Тэс сумын номын сангаас мэдээлэв.
Ташрамд, тус номын сан нь Соёлын төвтэйгөө хамтран өв соёл үйл ажиллагааг цар тахлын үед иргэдэд хүргэжээ. Ингэхдээ өөрийн суманд оршин суугаа соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчтай уулзаж тэдний авьяас, цуглуулга, үүх түүхийн талаарх сонирхолтой бичлэг хийж цахимд сүлжээнд байршуулан, өвлөн уламжлагч бүрийн бичлэгийг СD дээр буулгаж номын сангийн архивд хадгалжээ.

0 cэтгэгдэлтэй