
Зургийн эх сурвалж: MPA
“17” продакшн “Voo”-тэй хамтран “Хохирогч” олон ангит кино бүтээжээ. Нууцлаг, ээдрээт, сэтгэлзүйн драм төрлийн эл киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, Б.Баярсайхан найруулсан байна. Киноны нээлтийн улаан хивсний ёслол өнгөрөгч пүрэв гарагт ёслол төгөлдөр болж өндөрлөсөн юм.

Ёслолын арга хэмжээнд киноны жүжигчид, найруулагч, бусад багийнхан болон ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл, бусад зочид оролцов. Энэ үеэр уран бүтээлчдийн зүгээс киноны нээлтийг хийн, 10 ангит киноны эхний хоёр ангийг нээлтэд оролцсон зочдод толилуулсан юм.

Киноны зохиолыг бичиж, гол дүрд тоглосон Жүжигчин Б.Амарсайхантай ярилцлаа.
-Олон ангит кино бүтээх нь юугаараа онцлог байв?
-Олон ангит кинонд хүндрэлтэй талууд олон байдаг юм байна. Нэгдүгээр ангид хэлсэн үг 10 дугаар анги руу очих хүртэл ямар логик, дэс дарааллыг даван туулах зэргийг сайн тооцоолж хийх ёстой. Энэ бүгдийг сайн бичиж байж л үзэгчдийг дэлгэцийн өмнө барьж, тэднийг ухааруулж, уянгалуулж, бодуулахын тулд нэлээдгүй ажиллагаа уран бүтээлчдээс шаарддаг. Арилжааны кино ч мөн адил үзэгчдийг бодож, байлдан дагуулж яваасай гэж хүсэж байгаа.
–Кино зохиолоо бичээд гол дүрд нь тоглоход хэр хүндрэлтэй байсан бэ?
-Манай баг хамт олон маш сайн ажилласан. Тэр дундаа хоёр, гуравдугаар найруулагчид сайн ажилласан болохоор хүндрэл тийм ч их байсангүй. Мөн миний хувьд зохиолоо бичсэн болохоор давуу талтай байх магадлалтай. Жүжигчид болон туслах найруулагчидтайгаа тайлбарлахад асуудал гараагүй.
-Та өөрийнхөө тоглосон дүрийн талаар товч мэдээлэл өгвөл?
-Миний тоглосон дүр маш нууцлаг. Миний дүрийн чин зорилго 10 дугаар анги дээр л гарна. Тэр болтол таамаг дэвшүүлэн хамтдаа хүлээн авч үзээрэй л гэж үзэгчдэдээ хэлмээр байна.

“Хохирогч” олон ангит киноны гол дүрийн жүжигчин Н.Цэнд-Аюушаас сэтгэгдлийг нь сонсов.
-Та энэ киноны гол дүрийн дөрвөн жүжигчний нэгээр ажиллажээ. Бусад гурван жүжигчинтэй өмнө нь хамтарч уран бүтээл дээр ажиллаж байв уу?
-Энэ кинонд өмнө нь хамтарч ажиллаж байгаагүй хүмүүстэй тоглолоо. Жүжигчин Э.Чинзоригийг оюутан болохоос нь өмнө таньдаг байсан. Жүжигчин болсноос нь хойш анх удаа хамтарч уран бүтээл дээр ажиллаж байна. Энэ кинонд Чинзо маань залуу хүний хувьд маш их ачааллыг авч ажиллаж чадахаа бидэнд харуулсан.
Мөн Жүжигчин Г.Ариана гол дүрийн хоёр бүсгүйн нэгнийх нь дүрд тоглосон. Г.Арианагийн сурсан сургууль болоод орчин зэрэг маш өөр. Гэхдээ Г.Ариана маань Монгол эмэгтэй учраас бид хамтарч маш сонирхолтой ажилласан. Германы ар барилаар ажиллаад сурчихсан эмэгтэй энд ирээд амралт багатай, шахуу цагийн хуваарьтай ажилладгийг биеэрээ мэдрээд бага зэрэг хүндрэлтэй байсан болов уу гэж бодож байна. Бусдаар бид маш гоё баг болж ажилласан.
Жүжигчин Б.Амарсайхантай урьд нь нэг уран бүтээл дээр хамтарч ажиллаж байгаагүй. Амараа өөрөө энэ киноны зохиолч. Зураг авалт бүрт хамт байсан. Амарааг зөвхөн жүжигчнээс гадна зохиолч, багийн удирдагчийн хувьд маш их үнэлсэн. Маш их эрч хүчтэй, ажлыг нугалж чаддаг, юмны хэмжээг үргэлж ахиулж, гүйцэтгэл сайтай хийхийг зорьдог нь надад үнэхээр бахархалтай байсан.
-Киноны танилцуулгаас харахад хүндхэн сценүүд байх шиг. Дүрийнхээ талаар бидэнд мэдээлэл өгнө үү?
-Энэхүү кино нь сэтгэлзүйн драма кино учраас жүжигчинд ажиллах ажиллагаа ихтэй, сэтгэлзүйн хувьд ч олон өөр байдалд ордог ньюанстай дүр учраас энэ кинонд тоглох урилгыг анх хүлээж авсан. Зохиол нь мөн их таалагдсан.
Миний хувьд өмнө нь хэзээ ч эротик сценд тоглож байгаагүй. Энэ удаад тоглосон. Жүжигчдийн маань баг их сонирхолтой хүмүүсээс бүрдсэн учраас хамт ажиллахад сэтгэл хангалуун байсан.

Киноны нээлтэд олон алдартнууд ирсний нэг нь жүжигчин Т.Бархүү байв. Түүнтэй уулзаж, энэхүү кинонд ямар хүлээлт тавьж байгаа талаар тодрууллаа.
-Сайн байна уу? “Хохирогч” олон ангит киноны эхний хоёр ангийг үзэх гэж буй сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Бид СУИС-ийн ах нараа их хүндэлж, тэднээсээ үлгэр жишээ авдаг. Амараа ахын ангийнхан миний хамгийн хүндэлж явдаг хүмүүс. 10 ангит кино гэдэг бол нөр их хөдөлмөр. Мэдээж тааруу уран бүтээл болоогүй байх гэж найдаж байна.
–Хүлээлт өндөр байна уу?
-Өндөр байгаа ч дарахыг хичээж байна. Зарим тохиолдолд хэт өндөр хүлээлт тавьчихаар түүнд хүрэхгүй байх тал байдаг. Муу уран бүтээл хийх эрхгүй хүмүүс байдаг. Амараа ах болон түүний гэр бүл уран бүтээл хийсэн бол түүний уран бүтээл муу болох эрхгүй гэж би дотроо боддог юм.





0 cэтгэгдэлтэй