Орхон аймаг менингококкт халдварын эсрэг вакцин хийлгэхийг хүсвэл ӨЭМТ-д хандахыг зөвлөлөө

               
2022-03-11 0

Улсын хэмжээнд менингококкт халдвар буюу менингит өвчний 2 тохиолдол батлагдсан. Харин Орхон аймагт халдвар бүртгэгдээгүйг аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

Менингит нь  агаар дуслын замаар дамжин халдварладаг тул тархалт ихтэй, нас баралтын хувь өндөртэй өвчин юм. Ихэвчлэн бага насны хүүхдүүдийн дунд тархдаг бөгөөд дархлаа муудах, ханиад томуу хүндрэх үед халдварлах магадлал өндөртэй байдаг. Улирлын чанартай өвчин бөгөөд ихэвчлэн хаврын улиралд буюу 3,4 дүгээр саруудад дэгддэг. Нууц үе нь 5-7 хоног үргэлжилдэг. 

Менингококкт халдварын үед дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд, гэнэт өндөр халуурах, цочимтгой болох (хурц гэрэл, дуу чимээ зэрэгт), гэдэс нь өвдөх (1-2 удаа шингэн суулгах), толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, хүзүү хөших, ухаан санаа самуурах, доод мөчнөөс эхлэн бүх биеэр тууралт гардаг. 
Энгийн ханиад, томууг бодвол цочмог халуурах бөгөөд тууралт маш богино хугацаанд тархдаг учраас ийм шинж тэмдэг илэрвэл нэн даруй харьяа өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид хандах шаардлагатай. 

Халдварт менингококктын эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр хийдэг бөгөөд аймгийн ЭМГ-аас жилд 2 удаа вакцин татан авдаг. Өнгөрсөн онд татан авсан вакцинд сайн дураар хамрагдсан иргэдийн тоо маш бага байсныг мэргэжилтнүүд онцоллоо. 
Харин энэ удаад улсад халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдах хүсэлтэй иргэдээс захиалга авч, захиалгын хүрээнд ХӨСҮТ-өөс вакцины татан авалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Мөн бага насны хүүхдүүдэд халдварлах магадлал өндөртэй байдаг учир бага насны хүүхдүүдэд эцэг эхийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр хийнэ. 
Иргэд менингококкт халдварын эсрэг вакцин хийлгэхийг хүсвэл аймгийн Шуурхай удирдлагын төвийн 70350119 утсаар болон харьяа ӨЭМТ-д хандан захиалгаа өгөх шаардлагатай. Тус вакциныг жирэмсэн эхчүүд, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн болон эмийн найрлагад орсон бодисоос харшилдаг, ХДХВ, сүрьеэтэй хүмүүс хийлгэхийг хориглоно

Холбоотой мэдээ