Товчхон
               

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын бүсийн 36-р бага чуулганд оролцлоо

               
2022-03-12 0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 36 дугаар бага чуулга уулзалтад оролцлоо.

Уг чуулга уулзалтад НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дарга ноён Чү Донгюү, Ази, Номхон Далайн бүсийн орнуудын Хөдөө аж ахуйн сайд нар болон бүс нутгийн 40 гаруй орны зочид төлөөлөгчид оролцов. Энэхүү өндөр дээд хэмжээний чуулга уулзалтаар “Ковид-19” цар тахлын дараах хүнс, хөдөө аж ахуй салбарт гарч буй хүндрэл, бэрхшээлийг хэрхэн хамтдаа даван туулах, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар ярилцлаа. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дарга ноён Чү Донгюүтэй ганцаарчлан уулзалт хийж, НҮБ-ын “өрхийн тариалангийн  10 жил” санаачлагын арга хэмжээ, “Инноваци, шинжлэх ухаан болон технологи” сэдэвт дэд хуралдаанд тус тус оролцож үг хэлэв.

Түүнчлэн сайд нарын гол уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь Монгол Улсын мэдэгдлийг хийж, уул уурхайгаас хараат эдийн засгийг олон тулгуурт болгох хамгийн гол салбарын нэг нь хөдөө аж ахуй бөгөөд “Алсын хараа-2050”-т “Хүртээмжтэй, өрсөлдөх чадвартай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнс-хөдөө аж ахуйн систем бий болгох” зорилтыг тусган ажиллаж байгааг дурдав. Дэлхий нийтээрээ Ковид-19 цар тахалтай нүүр тулж буй энэ үед Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, ялангуяа хүнсний хангамж, тээвэр, ложистикийн салбарт бусад орны адил хүндрэл бэрхшээл гарсныг тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газраас баталж хэрэгжүүлсэн үр дүнтэй бодлого, арга хэмжээ, цар тахлын дараах эдийн засгаа сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцлов.

Мөн Монгол Улсын олон улсад хүлээсэн үүрэг, Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хангах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хөдөө аж ахуйн салбарын бодлогодоо томоохон зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж, уг дэвшүүлсэн зорилтыг хангахад бүс нутаг, олон улсын түвшний хамтын ажиллагаа чухал болохыг дурдаад НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон бусад олон улсын донор байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байгааг хэллээ.

Цаашид Монгол Улсад гарч байгаа малын гоц халдварт өвчин тэр дундаа хил дамжин халдварлах өвчинтэй тэмцэхэд бүс нутгийн түвшинд уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулах, техник туслалцаа үзүүлэх, вакцины худалдааг хөнгөвчлөхөд бүсийн улс орнуудын хамтын ажиллагааг дэмжих асуудлыг анхааралдаа авахыг чуулга уулзалтад оролцогчдоос хүслээ.

Монгол Улсад цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгааг онцлон Ази тивийн сүүний түншлэлийг Улаанбаатар хотод байгуулж, үйл ажиллагааг өргөжүүлж буй тухай мөн Дэлхийн сарлагийн холбоог Монгол Улсад үүсгэн байгуулах санаачилга гаргаж байгааг мэдэгдэв.

Монгол Улсын 2026 оныг “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарлах санаачлагыг НҮБ-ын Ерөнхий Ассемблэйгаас батлах ажил хийгдэж байгааг дуулгав. Хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр цаашид илүү уялдаатай, нэгдсэн арга хэмжээ авч нягт хамтран ажиллахыг чуулганы үеэр уриалсан юм.

Холбоотой мэдээ