
Зургийн эх сурвалж: MPA
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.
Тэрбээр “Улс орны хөгжил дэвшил, гэр бүлийн амьдралд эрэгтэйчүүдийн үүрэг хариуцлага, манлайлал чухал үүрэгтэй. Монголчууд бид эрт үеэс эрэгтэйчүүдийг өрхийн тэргүүн хэмээн хүндэтгэн ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Айл өрх бол улсын үндэс, төрийн тулгуур болдог. Хатан зоригт Монгол эрчүүд Хүннү гүрнээс эхлэн дэлхийн талыг төвшитгөн төр улсаа байгуулж, даян дэлхийд Монголын их амар амгаланг тогтоож, туурга тусгаар Монгол Улсаа цогцлуулан мандуулж, Монгол үндэстнийг дэлхийн түүхэнд тамгалан үлдээсэн бахдам түүх, баатарлаг гавьяатай билээ.
Монголчууд бид эрт үеэс хуурч мэхлэх, зусардаж зальдах, урваж шарвах, ихэрхэж баярхах, хүчирхийлэн дээрлэхэх, сархадад самуурах, хулгай дээрэм хийх, хов жив хөөцөлдөх зэргийг адгийн араншин хэмээн цээрлэж ирсэн. Бид өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэхүү ёс жудгаа хэрхэн өвлөж байгаа талаараа тунгаан бодох цаг ирсэн байна.
Монгол эр хүн улс орон, гэр бүлийнхээ төлөө хичээн зүтгэж, эх орноо батлан хамгаалах үүргээ ямагт ухамсарлан, нэр төртэйгөөр амьдрах ёстой. Эрх чөлөөт Монгол Улсад эрэгтэй эмэгтэй хүн ижил тэгш эрхтэй хэдий ч эрчүүд бид эх орон, ард түмэн, гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө илүү их үүрэг хариуцлага хүлээж, илүү их ачааг үүрэх учиртай.
Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс 10 жилээр дутуу насалж байна. Үүнийг Монгол эрчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй, хорт зуршилд ихээр автдаг явдалтай шууд холбоотой хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна” гэв.

0 cэтгэгдэлтэй