
Сайншанд сумын төрийн алба хаагчдын нэгдсэн зөвлөгөөн гуравдугаар сарын 11-нд боллоо.
Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнд Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч Ч.Түвшинтөр оролцож Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлж ажиллах бодлогын зорилт тусгасныг онцолсон байна.
Мөн сумын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд төрийн алба хаагчид холбогдох хуулийн хүрээнд идэвх зүтгэл гарган ажиллаж байгааг тэмдэглээд цаашид илүү хичээж иргэд олон нийтийн эрх ашгийн төлөө хичээж ажиллахыг сануулаад зөвлөгөөнд амжилт хүссэн байна.
Сумын харьяа төсвийн байгууллагын төрийн албан хаагчдын эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, ёс зүй, сахилга хариуцлагыг төлөвшүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг сумын ЗДТГ-аас зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Баттуяа, АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ч.Нандин-Эрдэнэ, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Энхтайван, ЗДТГ-ын дарга Г.Тунгалагтуяа нар оролцож дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулж харилцан ярилцсан байна.
Сайншанд сумын харьяа төсвийн 30 байгууллагад 1014 төрийн албан хаагч ажиллаж байна.


0 cэтгэгдэлтэй