Цэрэг-эх оронч үзлийг түгээх өдөрлөг зохион байгууллаа

               
2022-03-14 0

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жил, монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ойг тус тус тохиолдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас Техник, технологийн политехник коллежийн оюутнуудад Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах хүрээнд “Монгол цэрэг” өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус хоёр байгууллага нь өнгөрсөн хоёрдугаар сард хамтран ажиллахаар тогтсон бөгөөд үүгээр Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын алба хаагч, тэдний гэр бүлийн гишүүдийг Техник технологийн дээд сургуулийн сургалтад хамруулах, мэдлэг, мэргэшил, боловсролын зэргийг нь ахиулах, тэтгэвэрт гарах алба хаагчдыг мэргэжлийн сургалтад хамруулах нөгөө талдаа хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох, төрөл бүрийн богино хугацааны сургалтад харилцан хамруулахаар тохиролцсон юм.

Үүний түүчээ болгож өдөрлөгийг зохион байгуулахдаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлсэн сургалт, уулзалтаас гадна цэргийн ар тал, хангалт, хими, холбоо, инженер, зэвсэглэл зэргийг харуулсан үзэсгэлэнг дэлгэж, энхийг сахиулах үйлсийн оролцоо, ач холбогдлыг оюутан, залуучуудад ойлгуулсан юм.

Арга хэмжээний төгсгөлд сургуулийн удирдлагууд “Өсвөр үе, оюутан залуучууд, хамт олонд цэрэг-эх оронч, үндэсний ухамсарт, бахархалтай иргэн байх үзэл төлөвшүүлж, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх сэтгэгдлийг ихээр төрүүлсэн чухал өдөрлөг боллоо” хэмээн талархлаа илэрхийлсэн юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Холбоотой мэдээ