Дэд сайд Г.Батсуурь 36 дугаар бага чуулга уулзалтад оролцов

               
2022-03-14 0

ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь энэ сарын 8-11-нд НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн 36 дугаар бага чуулга уулзалтад оролцлоо. Чуулга уулзалтаар цар тахлын дараах хүнс, хөдөө аж ахуй салбарт гарч буй хүндрэл, бэрхшээлийг хамтдаа даван туулах, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар ярилцав.

Дэд сайд Г.Батсуурь НҮБ-ын ХХААБ-ын дарга Чү Донгюүтэй уулзаж, НҮБ-ын “Өрхийн тариалангийн  10 жил” санаачлага, “Инноваци, шинжлэх ухаан, технологи” дэд хуралдаанд оролцож үг хэлжээ.

Түүнчлэн сайд нарын уулзалтын үеэр дэд сайд Г.Батсуурь Монгол Улсын мэдэгдлийг хийж, уул уурхайгаас хараат эдийн засгийг олон тулгуурт болгох гол салбарын нэг нь хөдөө аж ахуй. “Алсын хараа-2050”-д “Хүртээмжтэй, өрсөлдөх чадвартай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнс-хөдөө аж ахуйн систем бий болгох” зорилтыг тусгаж байгааг дурдлаа.

Дэлхий нийтээр цар тахалтай нүүр тулж буй энэ үед манай улсын хүнс, хөдөө аж ахуй, ялангуяа хүнсний хангамж, тээвэр, ложистикийн салбарт бусад орны адил хүндрэл бэрхшээл гарсныг тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газраас баталж хэрэгжүүлсэн үр дүнтэй бодлого, үйл ажиллагаа, цар тахлын дараах эдийн засгаа сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байгааг онцлов.

Мөн Монгол Улсын олон улсад хүлээсэн үүрэг, Парисын хэлэлцээрийн хүрээнд үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хангах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хөдөө аж ахуйн салбарын бодлогодоо томоохон зорилтыг хэрэгжүүлж, уг дэвшүүлсэн зорилтыг хангахад бүс нутаг, олон улсын түвшний хамтын ажиллагаа чухлыг дурдаад НҮБ-ын ХХААБ, НҮБ-ын төрөлжсөн байгууллага, бусад олон улсын донор байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Цаашид Монгол Улсад гарч буй малын гоц халдварт өвчин тэр дундаа хил дамжин халдварлах өвчинтэй тэмцэхэд бүс нутгийн түвшинд уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулах, техник туслалцаа үзүүлэх, вакцины худалдааг хөнгөвчлөхөд бүсийн улс орнуудын хамтын ажиллагааг дэмжихийг анхааралдаа авахыг оролцогчдоос хүслээ.

Түүнчлэн, цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч байгааг онцлон, Ази тивийн сүүний түншлэлийг Улаанбаатар хотод байгуулж, үйл ажиллагааг өргөжүүлж, дэлхийн сарлагийн холбоог Монголд байгуулах санаачилга гаргаж байгааг мэдэгдэв.

Монгол Улсын 2026 оныг “Бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарлах санаачлагыг НҮБ-ын Ерөнхий Ассемблэйгаас батлах ажил хийж байгааг дуулгажээ. Хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр цаашид илүү уялдаатай, нэгдсэн арга хэмжээ авч хамтран ажиллахыг чуулганы үеэр уриалжээ.

Чуулга уулзалтад НҮБ-ын ХХААБ-ын Чү Донгюү, Ази, Номхон Далайн бүсийн орнуудын Хөдөө аж ахуйн сайд нар болон бүс нутгийн 40 гаруй орны зочин төлөөлөгч оролцов.

Холбоотой мэдээ