
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орос, Украины засгийн газрын төлөөлөгчид видео холбоогоор яриа хэлэлцээгээ үргэлжлүүлсэн юм. Тэгвэл уг хэлэлцээнд тодорхой ахиц дэвшилд гарсныг талууд мэдэгджээ.
“Оросын тал хэлэлцээнд бүтээлч байдлаар хандаж эхэллээ. Ойрын өдрүүдэд бид ямар нэг үр дүнд хүрэх байх гэж би бодож байна” гэж Украины төлөөлөгчдийн ахлагч Михайло Подоляк мэдэгдсэн юм.
Оросын засгийн газрын төлөөлөгчийн нэг, Думын гишүүн Леонид Слуцкий талуудын яриа хэлэлцээнд тодорхой ахиц дэвшил гарсан ба ойрын үед гэрээний төсөл дээр тохиролцох боломжтой гэж үзэж байгаагаа РИА агентлагийн сэтгүүлчид ярьжээ.
Гэхдээ талуудын аль аль нь яг ямар асуудлаар тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа тухай дэлгэрүүлээгүй байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр хийсэн мэдэгдэлдээ өөрийг нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзуулах асуудал дээр хэлэлцээнд оролцож буй төлөөлөгчид нь чадах бүхнээ хийж байгаа тухай ярьсан юм.
Баасан гарагт Владимир Путин мөн талуудын хэлэлцээнд зарим “эерэг өөрчлөлт” гарсныг хэлсэн ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Ням гарагт Оросын тал Польшийн хилд ойрхон Украины баруун хязгаарт оршдог Яворов хот дахь цэргийн баазад пуужингийн цохилт өгсөн юм. Энэ үеэр 35 хүн алагдаж, 134 хүн шархадсан тухай мэдээ ирж байна.
Даваа гарагийн өглөө нийслэл Киев хотын орон сууцны барилга агаарын цохилтод өртсөний улмаас хоёр хүний амь үрэгджээ.
Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан Хятадын топ дипломатч Ян Жечитэй Ром хотод уулзах гэж байна.
Уулзалтын гол сэдэв Украины асуудал байх юм. Ням гарагт АНУ-ын зарим хэвлэлүүдэд Оросын тал Хятадаас зэр зэвсгийн тусламж хүссэн тухай мэдээлэл цацагдсан юм.
Хятадын тал одоогоор уг мэдээллийн талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Украины хямралтай холбоотой тавьсан эдийн засгийн хоригийг давахад ОХУ-д тусалбал хатуу хариу арга хэмжээ авахаа АНУ-ын засаг захиргаа саяхан Хятадын талд анхааруулсан юм.
Эх сурвалж: The Guardian

0 cэтгэгдэлтэй