
Бямба гарагт Саудын Арабын эрх баригчид 81 хүнийг нэг дор цаазалсан байна. Цаазлагдсан хүмүүсийн дотор хүн амины гэмт хэрэгтнээс эхлээд террорист байгууллагын гишүүд хүртэл байжээ.
Мекка хот дахь исламын шашны ариун сүмийг эзлэх ажиллагаанд оролцсон зэвсэгт бүлгийн 63 гишүүнийг 1980 оны нэгдүгээр сард цаазалсан нь үүнээс өмнө нэг дор хамгийн олон цаазын ял гүйцэтгэсэн тохиолдол байжээ.
Саудын Араб улс цаазын ялыг гүйцэтгэхдээ сэлмээр толгой цавчих аргыг хэрэглэдэг. Цаазлагдсан ялтнуудын дотор энгийн иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амийг бүрэлгэсэн алуурчид, Аль Кайда, Исламын Улс зэвсэгт бүлэглэлийн гишүүд, Йемений Хусит босогчдыг дэмжигчид байсныг Саудын төв хэвлэлд мэдээлжээ.Тэдгээрийн 73 нь Саудын Араб, 7 нь Йемен, нэг нь Сирийн харьяат байсан байна.
Шашны хатуу дэглэмтэй Саудын Араб улсыг сүүлийн жилүүдэд угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салманы удирдлага дор хурдтай шинэчлэгдэж байгаа аж. Харин Лондонд төвтэй Reprieve хүний эрхийн байгууллагын дэд захирал Сораяа Бауэнс өчигдрийн мэдэгдэлдээ “Мохаммед Бин Салманы шинэчлэл хийх амлалтын ард ямар их цус урсаж байгааг дэлхий нийтээрээ мэдэж авлаа” хэмээн ярьжээ.

0 cэтгэгдэлтэй