
Зургийн эх сурвалж: MPA
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гуравдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Говьсүмбэр аймаг ажиллажээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Батхүү, БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын дарга Ш.Мягмар болон албаны бусад төлөөлөл ажиллав.
Улаанбаатар хотоос 225 км-т орших Говьсүмбэр аймагт БОАЖ-ын сайдыг ажиллах үеэр Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулав. Уг анхдугаар зөвлөгөөнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үг хэлэхдээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нөлөөгөөр байгаль орчны салбар дахин сэргэж буйг онцолж байлаа. Анхдугаар зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын санал, дүгнэлтийг тусгасан зөвлөмж гарсан юм. Говьсүмбэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд таван сая мод тарихаар төлөвлөжээ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ анхдугаар зөвлөгөөний дараагаар аймгийн удирдлагууд болон салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, БОАЖЯ төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэж ажиллах чиглэлээр шат дараатай ажлуудыг хийгдэж байгааг танилцуулаад, салбарын албан хаагчид авлигаас ангид байхыг уулзалтын үеэр сануулж байлаа.

0 cэтгэгдэлтэй