
Зургийн эх сурвалж: MPA
Эрүүлжүүлэх байранд шөнийг барах иргэд байрны стандарт, орчин нөхцөлийг харахаас илүүтэйгээр тус газраас хурдан гарахын түүс л болдог биз ээ. Гэсэн хэдий ч улсын байгууллагад хоног төөрүүлж, “эрүүлжсэнийхээ” төлөө тодорхой хэмжээний төлбөр төлдөг журамтай. Эрүүлжүүлэх байрны стандартыг ярихыг өмнө тус газар нь шийтгэл эдлүүлэх газар эсэх талаар ойлголтоо нэгтгэх нь зүйд нийцэх. Ихэнх хүний хувьд шийтгэл эдлүүлэх байр байж болох ч хүний эрүүл мэндийн асуудал хаана ч яригдах ёстой. Тиймээс эрүүлжүүлэх, саатуулах байрны стандарт болон хүрэлцээний асуудлыг хөндөх шаардлага үүсэж байгаа юм.
Хоногт дунджаар 200-240 иргэн эрүүлжүүлэх байранд хонож байгаа нь эрүүлжүүлэх байр ачааллыг нэмэгдүүлж байгаа юм. Улсын хэмжээнд 1964-2017 оны хооронд ашиглалтад орсон 37 эрүүлжүүлэх, саатуулах байр бий. Тэдгээрийн 9 нь нийслэлд байна. Нийслэлд байрлах 9 эрүүлжүүлэх байрны 5 нь 1951-1987 онд, 3 нь 1993-2010 онд, 1 нь 2017 онд ашиглалтад оржээ. Тэдгээрийн дийлэнх нь цагдаагийн газар, хэлтсийн байрны хонгилын давхарт байрладаг аж. Өөрөөр хэлбэл нийслэлд байрлах эрүүлжүүлэх газруудын дийлэнх нь хагас зуун жилийн өмнө баригдсан байр болж таарч байгаа юм.
Одоо ажиллаж байгаа эрүүжүүлэх, саатуулах байрууд “Эрүүлжүүлэх байранд тавигдах ерөнхий шаардлага” MNS5527:2017 стандартад заагдсан халуун, хүйтэн ус, бохирын систем, байгалийн гэрэлтүүлэг, агаарын байнгын солилцоог хангах агааржуулалтын системтэй байх, өрөө нь эрүүл ахуйн шаардлага хангахуйц хөгжил, гудас, цагаан хэрэглэлээр хангагдсан байх, нэг хүнд хоёр метр квадратаас доошгүй хэмжээтэй талбай ногдоно гэсэн шаардлагыг хангахгүй байна.
Цагдаагийн байгууллагаас эрүүлжүүлэх, саатуулах байрны орчин нөхцөлийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2018-2011 оны хооронд нийт 817 сая төгрөгийн урсгал засвар, холбогдох тохижилтын ажлыг гүйцэтгэсэн байна.
Статистик мэдээллээс харахад 2018 оноос хойш согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осолд холбогдсон тохиолдол эрс нэмэгдэж байгаа юм. Тухайлбал 2018 онд энэ төрлийн осол 799 бүртгэгдсэн бол 2019 онд 978, 2020 онд 1103, 2021 онд 1479 болж өссөн байна. Мөн согтуугаар үйлдэгдсэн зөрчлийн хэрэг 2018 оноос хойш тодорхой хувиар өссөөр буй үзүүлэлт байгаа юм.
Цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх, саатуулах байруудын нөхцөлийг сайжруулах, нийслэлийн хэмжээнд нэгдсэн эрүүлжүүлэх, саатуулах байр барих, бэлтгэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Гэвч энэ нь мэдээж хамгийн оновчтой шийдвэр бус бөгөөд өнөөгийн нөхцөл байдалд авах шаардлагатай арга хэмжээ юм. Нөгөө талаас харахад эрүүлжүүлэх байрыг хангалттай хэмжээнд бэлтгэх бус эрүүлжүүлэх байранд оруулахгүй байх талаас нь ажиллах хэрэгтэйг албаны хүмүүс хэлж байгаа юм.

0 cэтгэгдэлтэй