
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын баг ажиллаж буй. Ажлын багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Д.Өнөрболор, Г.Тэмүүлэн нар багтжээ.
Хэлэлцүүлгийг нээж Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн үг хэллээ. Тэрбээр “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай баримт бичгүүдэд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, оюуны багтаамж өндөр технологийг хөгжүүлэх зорилгоор тодорхой бүс нутгуудад үйлдвэрлэл технологийн парк байгуулж, хөгжүүлэхээр заасан байдаг. Тухайлбал уул, уурхайн ордын ашиглалтад оруулж өндөр технологийн хүнд үйлдвэрийн парк байгуулах, малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох үйлдвэр технологийн парк байгуулж ажлын байрыг шинээр бий болгох, дагуул хотуудад дэвшилтэт технологи бүхий үйлдвэр технологийн парк байгуулж ажлын байрыг нэмэхээр тусгасан. Гэвч 2009 онд баталсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Иймээс Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллаж байна” гэв.
Хүний нөөц дээр тулгуурласан бодлогыг барьж боловсон хүчнийг тасралтгүй болгох, паркийн санхүүжилт, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, хөрөнгө оруулалт түүний хэлбэрийг тодорхой болгох, паркийн менежментийн асуудал, паркийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх дэмжлэгүүдийг тодорхой заах зэрэг асуудлаар санал хэлснээр хэлэлцүүлэг өндөрлөв.

0 cэтгэгдэлтэй