Г.Занданшатар: Гадаад орчин эмзэг байгаа энэ үед монголчууд оюун санааны эв нэгдэлтэй байх хэрэгтэй

               
2022-03-15 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж байна. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр “Урин цагийн амьсгал наашилж, цар тахлын аюул цаашилсан цаг үед УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байна. Коронавирусийн дөрөв дэх давлагаа саарч, бүх нийтээр хэвийн амьдралын горимд шилжиж байгаа энэ цаг үед Шинэ сэргэлтийн бодлогоо эрчимтэй хэрэгжүүлэх цаг үе бүрдлээ. Гэхдээ халдварт өвчлөлөөс урьдчилсан сэргийлэх нь чухал.

УИХ, Засгийн газрын гишүүд ээ

Цар тахлын нөхцөл байдал сайжирч байгаа ч олон улсын нөхцөл байдал хурцадмал болж, олон эрсдэлийг өдөөж байна. Гадаад орчин эмзэг байгаа энэ үед монголчууд оюун санааны эв нэгдэлтэй байж, дайны хажуугаар дажин гэгчээр буруу зөрүү ойлголтоор бусдыг төөрөгдүүлэх, нийгэм олон нийтийг өдөөн турхирахгүй байх хэрэгтэй.

Монгол Улсын эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 хувийн өсөлттэй гарсан нь ОУ болон дотоодын мэргэжлийн байгууллагуудын төсөөллөөс харьцангуй бага байлаа. Дотоодод цар тахал хумигдаж байгаа ч хөрш орнуудын хатуу бодлого, гадаад орчны нөлөөллөөс шалтгаалан экспорт буурсан нь эдийн засагт зарим хүндрэлийг бий болгож байна.

Шинэ сэргэлтийн бодлогоо яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадвал эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувьд хадгалагдана. Нэг хүнд оногдох орлого хоёр дахин нэмэгдэнэ. Ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрч боомтын хүчин чадал гурав дахин, эрчим хүчний эх үүсвэр хоёр дахин нэмэгдэнэ.

УИХ-аар нэн яаралтай хэлэлцэх томоохон долоон хуулийн төсөл, үе шаттайгаар өргөн мэдүүлж, хэлэлцэж батлах 20 хуулийн төслийг шуурхай хэлэлцэх шаардлагатай.

Хүнсний барааны үнийн өсөлт, шатахууны үнийн өсөлт, эрүүл мэндийн байгууллагын чанар, хүртээмж болон ковидоос бусад өвчлөлд анхаарал хандуулах байдал, нийслэлийн замын түгжрэл, ядуурал зэрэг асуудлууд иргэдэд тулгамдаад байна. Энэ хаврын чуулган нэлээд ачаалалтай, шахуу хуваарьтай байхаар байна. Та бидний бүрэн эрхийн хугацаа үндсэндээ талдаа орлоо. Бид амралт, алжаалыг хойш тавин ажиллах хэрэгтэй байна.

Иргэдийн оролцоотойгоор хууль тогтоодог, нээлттэй ил тод цахим парламент болно гэдэгт эргэлзэхгүй байна. Цаашлаад бүхий л үйл ажиллагаандаа цахим технологийг ашиглах зорилго тавьж байна” гэв.

Холбоотой мэдээ