Товчхон
               

Өвөрхангай аймагт шуурганы улмаас дөрвөн гэр нуржээ

               
2022-03-15 0

Дархан-Уул, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Завхан, Увс, Ховд, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад өчигдөр /2022.03.14/ цас орж, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан. Тодруулбал, ихэнх нутгаар салхины хурд 18-20 метр секунд зарим үед секундэд 25 метрийг давж, ширүүссэн. Шуурганы улмаас хүн, мал төөрсөн дуудлага ирээгүй гэдгийг албаныхан мэдээллээ.

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Илийн-Ам гэдэг газар өчигдөр 18:00 цагийн орчим 14-16 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Г-ын таван ханатай гэр нурж,  ашиглах боломжгүй эвдэрчээ. Дуудлага мэдээллийг мөн өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан байна.

Мөн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Өвгөн хөтөл гэдэг газар өчигдөр 18:00 цагийн орчим 14-16 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Г, Л нарын дөрвөн ханатай гэр нуржээ. Тус аймгийн Цагаан-Овоо багийн малчин А-ын 5 ханатай нэг гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн байна.

Баян-Өлгий, Ховдын баруун, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Дорнодын хойд, Завхан, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд 1-25 см зузаан цасан бүрхүүл тогтосноос хамгийн их нь Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 25 см, Увсын Малчинд 20 см, Баруунтуруун, Зүүнговь, Баян-Өлгийн Булган, Хөвсгөлийн Цагааннуурт 14-16 см, Увсын Тэсд 12 см, Завханы Тосонцэнгэлд 11см, бусад хэсгээр 1-10 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Цаг уурын байгууллагаас нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ